Улсын физикийн XXX олимпиад Чингис хотод нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ "Дэлхийг дагуулах гараа" уриатай улсын физикийн 30 дугаар олимпиад их эзэн Чингис хааны өлгий нутагт өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, Монгол Улсын шадар сайдын зөвлөх М.Батбаяр болон ОХУ, Монгол Улсын эрдэмтэн доктор, багш нар хүрэлцэн ирсэн байлаа.Ёслолын арга хэмжээг нээж, Хэнтий аймгийн Засаг дарга Монгол орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн шилдэг багш, сурагчиддаа амжилт хүслээ.
Одоогоос 10 жилийн тэртээ Хэнтий аймагт улсын Физикийн XX олимпиадыг зохион байгуулж байсан түүхтэй. Мөн Хэнтий нутгаас төрөн гарсан физикийн шинжлэх ухааны эрдэмтэн доктор, профессорууд олон бий. Тэдгээрээс дурдвал цөмийн энергийн доктор, профессор Д.Чүлтэм, ШУ-ны доктор С.Батхуяг, профессор Л.Ажнай, доктор Г.Шархүү, профессор Ц.Амартайван, профессор н.Батдэмбэрэл, доктор Э.Уянга зэрэг олон хүмүүсийг нэрлэж болно.
Энэ удаагийн улсын физикийн 30 дугаар олимпиадын зохион байгуулагчаар БСШУСЯам, Улсын физикийн олимпиадын хороо, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, Хэнтий аймгийн ЗДТГ оролцож байна. Ийнхүү 21 аймгийн шилдэг 120 гаруй сурагчид мэдлэг ур чадвараа сорин өрсөлдөхөд бэлэн болжээ. Олимпиад 3 хоног үргэлжилнэ.
Д.Одонтунгалаг