Антони Хоброу: Өндөр орлоготойг нь бус өсөлтийн чадамжтай бизнест хөрөнгө оруулдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-21 15:06:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эдийн  засаг сайнгүй байгаа энэ үед санхүү хөрөнгийн зах зээлд амжилт гаргасан шилдгүүдийг нэг дор цуглуулах Хөрөнгө оруулагч үндэстэн чуулга уулзалт маргааш болох гэж байна. Анх удаа зохион байгуулах тус чуулга уулзалтад  ХонгКонгт үйл ажиллагаа эрхэлдэг гарааны бизнесийн  урт хугацааны хөрөнгө оруулагч Венчурс Уан Ази компанийн  гүйцэтгэх  захирал Антони Хоброу оролцохоор Монголд ирээд байгаа юм. Түүнтэй дараах асуудлаар ярилцлаа.

- Хөрөнгө оруулагч үндэстэн чуулга уулзалт Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд чухал ач холбогдол өгнө гэж харж байна. Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар та ямар ойлголттой байгаа вэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Монголын хөрөнгө оруулалтын орчныг хараахан дүгнэхэд эрт байна. Яагаад вэ гэхээр аливаа эдийн засгийн өсөлт, бууралт хөрөнгө оруулалтын асуудал бол урт хугацаанд ярих сэдэв. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын түүх бол урт хугацааны асуудал юм. Монгол Улсад хичнээн эдийн засаг хүндрэлтэй байгаа ч цаашид сэргэнэ гэсэн итгэлтэй байна. Хөрөнгө оруулагчдын хувьд эдийн засгийн хүндрэлээс үл шалтгаалан  урт хугацааг чухалчилж хөрөнгөө оруулдаг.

-Хөрөнгө оруулалтаар дамжуулан санхүүгийн хөрөнгөө өсгөсөн  таны туршлага сонирхол ихэд татаж байна. “Хөрөнгө оруулалт үндэстэн” чуулганд таныг хөрөнгө оруулалтаа хэрхэн зөв удирдах болон амжилтаасаа хуваалцана гэж сонслоо. Монголчуудад ямар мэдээлэх өгөх вэ?

- Манай компанийн хувьд Ази номхон далайн орнуудад давхар даатгал болон санхүү,  бусад салбаруудын даатгалын үйлчилгээг явуулдаг. Мөн гарааны бизнесийн  урт хугацааны хөрөнгө оруулалтуудыг хийдгээрээ онцлогтой. Монголчууд хөрөнгийн зах зээлээ тэлж өсгөхөөр гадны туршлагаас судлах гэж байгаа нь сайн хэрэг. Хөрөнгө оруулах гэж байгаа тухайн компанийн менежментийн баг чухал нөлөө үзүүлдэг гэдгийг чуулганаар хөндөнө. Тодруулбал тогтвортой бизнест хөрөнгө оруулахад ямар үр өгөөж гарах вэ гэдгийг монголчууддаа хүргэхээр зорьж байна. Бизнесийнхэн инновацийн шинэчлэлийг хийхийн зэрэгцээ амжилтын төлөө тууштай явах амбицыг чухалчлах ёстой. Дэлхийн эдийн засаг хурдацтай өөрчлөгдөн хувьсаж байна. Тухайлбал хиймэл оюун ухаан ашиглах асуудал, онлайн төлбөр тооцоо “Insure take” буюу даатгал, технологийн өөрчлөлтүүд давамгайлж байна. Тэгэхээр аливаа компани технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхахгүй бол хоцрох аюулд өртөнө гэдгийг эндээс харж болох нь.  Тиймээс Монголын компаниудын хувьд технологийн шинэчлэлийг бусдаас түрүүлээд хийх  боломжтой. Технологийн дэвшлийн хувьд цахимжуулалт, хиймэл оюун ухаан, “Block Chain”  гэсэн  гурван зүйл ойрын таван жилд бизнесийг орвонгоор нь эргүүлнэ. Ялангуяа “Block Chain” банкны салбарт тэсрэлт өгөхөд нөлөө үзүүлэхээр байна.

 -Гадны хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй гэж дүгнэдэг. Тиймээс Монгол Улс Хөрөнгө оруулалтын орчныг тэлэх эрхзүйн цогц тогтолцоо бүрдүүлэхээр 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинээр батлан гаргасан. Таны хувьд хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх гол хөшүүрэг нь юу гэж үздэг вэ?

-Хөрөнгө оруулалтын орчны суурь нь тогтвортой байх явдал юм. Улмаар инфляци, валютын ханш тогтвортой түвшинд байх, татварын орчин, эдийн засгийн ил тод байдал чухал нөлөө үзүүлнэ. Дээрх хүчин зүйл хөрөнгө оруулалтын орчныг тодорхойлдог. Үүнээс гадна аливаа оронд хөрөнгө оруулахад Хөдөлмөрийн тухай хууль нь тодорхой  нөлөө үзүүлдэг. Тиймээс улс орнууд Хөдөлмөрийн хуулиа маш сайн хийх ёстой.  Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулсан мөнгөө татаж авах буюу мөнгөний хөдөлгөөн чөлөөтэй байх асуудал чухлаар тавигддаг бөгөөд ногдол ашиг хүртэх нөхцлийг  маш сайн хуулиндаа тусгах  ёстой.

 - Монгол Улсын хувьд эдийн засаг дахь банк санхүү болон  хөрөнгийн зах зээлийн  тэнцвэртэй хөгжлийг бий болгоход юуг чухалчлах ёстой гэж та бодож байна?

-Юуны түрүүнд ард иргэдийн санхүүгийн боловсрол чухал. Хөрөнгийн зах зээлийн оролцогчдын мэргэжлийн ур чадвараас гадна бүтээгдэхүүн болоод бэлэн мөнгөний хөрвөх чадварт анхаарах ёстой.  

-Та хөрөнгө оруулалтын удирдлага, үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн хүний хувьд  бизнесийн салбарынханд   баялгаа  хэрхэн үр ашигтай удирдах талаар юу гэж зөвлөх вэ?

-Миний удирддаг хөрөнгө оруулалтын сан гарааны бизнес болон дөнгөж өсөлтийн шатанд явж буй бизнест хөрөнгө оруулдагаараа онцлогтой. Хөрөнгийн зах зээлээс өдөртөө хувьцаа аваад зарж тоглодог хүмүүсээс  чиглэл нь өөр гэсэн үг.  Гарааны бизнест  хөрөнгө оруулахын цаана  эрсдэл байнга нүүрлэж байдаг. Тиймээс монголчууд гарааны бизнес эрхлэхдээ хэтийн зорилтоо зөв тодорхойлж тууштай ажиллах ёстой. Хөрөнгө оруулалтын сангийн зарчим нь олон орны төрөл бүрийн салбарт хөрөнгөө тараан байршуулахдаа өндөр орлоготойг нь бус өсөлтийн чадамжтай бизнесүүдийг санхүүжүүлдэг. Ийнхүү илүү үнэ цэнэ бий болгох бизнесүүдэд хөрөнгө оруулах замаар багцаа төрөлжүүлж тараан байршуулдаг.  Монголын бизнесийн орчинд тэтгэврийн тогтолцоог илүү сайжруулах ёстой юм уу гэж хардаг. Энэ тогтолцоог сайжруулснаар бизнесийн орчин илүү идэвхтэй хөгжих боломж бүрдэх талтай. Мөн хадгаламжийн систем буюу хуримтлалаа хэрхэн удирдах вэ гэдэгт анхаарч ажилласнаар  том боломж гарна гэдгийг бодолцох ёстой. Дээрх хүчин зүйлс сайжирвал бизнесийн орчин гадны хөрөнгө оруулагчдад ойртоно.

-Уул уурхайн баялгаараа дэлхийн эхний 10-т жагсдаг Монгол Улс 2011 онд хөрөнгө оруулалтаар түүхэн дээд амжилтыг тогтоосон.  Гэсэн ч тухайн үед баялгийн санд хуримтлал үүсгэж ирээдүйн эдийн засагтаа хувь нэмэр оруулаагүйн үр шимийг бид хүртэж сууна. Эдийн засгийн уналттай үед зөөлөвч болдог баялгийн сан болон хөрөнгө оруулалтын сангийн талаар та юу хэлэх вэ?

-Дэлхийн эдийн засаг уналт, өсөлтийн үеийг дамжиж байна. Өнөөдөр дэлхий жижиг болсон гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Нэг орны эдийн засаг нөгөөдөө нөлөөлөх нөлөөллөөс жижиг гэдгийг харж болно. Баялгийн сангийн тухайд бол Сингапур улс хамгийн сайн  жишээ юм. Сингапур бол баялаггүй орон. Гэтэл энэ улс дэлхийд баялгийн сангаараа дээгүүрт жагсдаг төдийгүй эдийн засгийн хүндрэлийн үед ч сандаа гар хүрээгүй. Харин Монгол Улс тэднээс хэд дахин илүү баялагтай хэрнээ эдийн засгийн гайхамшгийг хараахан бүтээж чадаагүй байна. Энэ гайхамшгийг бүтээхийн тулд тогтвортой, алсын хараатай удирдлага энэ улсад  чухал гэж хардаг.

- Санхүүгийн ертөнц дэх технологийн  хувьсгалыг та бизнестээ хэрхэн ашигласан бэ. Технологийн шинэчлэл нийгэм болон бизнес дэх нөлөөллийн талаарх таны санал бодлыг сонсьё?

- 2008 онд Америкт хамгийн анх финтекийн үйлчилгээ нэвтэрч 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж байсан бол 2013 онд 4 тэрбум ам. доллар болтлоо өссөн түүх бий. Энэ түүх бол технологийн  хувьсгалын үр шим юм. Миний удирдаж байсан  бүх компани финтекийн үйлчилгээг явуулж ирсэн. Технологийн дэвшил ойрын 10 жилд бизнесүүдийг маш их өөрчилнө. Банкны салбарт бол хувьсгал  тун ойрхон байна. Даатгалын салбарт технологийн хувьгсал бага зэрэг хоцорч явна. Зах зээлийн хувьсал гарааны бизнесүүдээс гарч байна. Эдүгээ  эрч хүчтэй том компаниуд удаан шийдвэр гаргалтаасаа болж гарааны бизнесээс хоцрох дүр зураг ажиглагдаж байгаа.

-Тэгвэл Монгол компаниуд дэлхийн дижитал хувьсгалыг  нэвтрүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Аливаа өсч буй болон хөгжингүй эдийн засагтай орнуудад гарааны бизнесийн шинэ санаалчилгуудыг дэмжих инкубаторууд байдаг.  Шинэ санаануудыг дэмжиж төрөөс тодорхой хэмжээгээр дэм өгч инновацийн шийдлийг гаргаж байна.  Монгол Улсын хувьд оюуны өндөр чадамж байна. Гол нь үүнийг зөв хуваарилж, мэргэжилтнүүдээ сэдэлжүүбэл гарааны бизнес хөгжинө. Технологийн дэвшил бидний амьдрал болон бизнест хэрхэн нөлөөлж буй нэгэн жишээ бол Амазон юм. Амозоны агуулах таван хөл бөмбөгийн талбай шиг  том хэмжээтэй. Гэсэн хэрнээ тэнд таван хүн л ажиллаж байна. Бүх ажлуудыг роботууд хийдэг. Энэ бол технологийн эрин, дэвшил юм. Амозон жолоочгүй машинаар бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн гэрт хүргэж өгөх  дэвшлийг эрэлхийлж байна.

 -Та Монголын хувьцааны зах зээлийн хөгжлийг хэрхэн дүгнэж байна?

-Арай ч дөнгөж төрсөн хүүхэдтэй зүйрлэж болохгүй байх. Бага балчир насандаа явж байна уу даа.  

-Та манай сайтаар дамжуулан монголын санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн салбарынханд хандаж юу хэлэх вэ?

-Ямар ч ажлыг урагшлуулах гол хөшүүрэг нь чин хүсэл, тууштай байх явдал юм. Тиймээс бизнесийн шинэ санаагаа өнгөлж, технологийн дэвшлийг монголдоо авчраарай л гэж хүсье.
 

 Б.Заяа
Холбоотой мэдээ