Өлгийд байшин барилга барих газар хомсдсоор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-24 21:34:31

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд байшин барилга барих газар хомсдсоор байна. Газартай болох хүсэлтэй хүмүүс хэдэн мянгаар тоологдоно. Ирэх оны эхнээс 800 иргэнд газар олгохоор болжээ.

Гэхдээ «Энэ хотод баригдаж байгаа байшин барилгын чанар муу, нэгдүгээр бүрэн дунд сургуулийн хичээлийн байр баригдаад гурван жил хүрээгүй мөртлөө шавар будаг нь муудаж эхэллээ. Хотын «А» бүсэд хувийн байшин барилга баригдсаар байна. Байшин барилгууд хаяа тулж баригдсанаас чухал хэрэгтэй цагт түргэн тусламжийн болон гал сөнөөх машин орох боломжгүй болж байна.

Айл өрхүүдэд нэг нэгээр өмчлүүлэх газар хүрэлцэхгүй байхад зарим айлынхан гэр бүлийн гишүүдийнхээ тоогоор газартай болчихоод илүү газраа зарж ашиг олж байна» гэсэн яриа гардаг болов. Эдгээр асуултанд холбогдох мэргэжилтнүүдээс: «Уг хотыг анх байгуулж эхэлсэн 1940 оноос ерөнхий төлөвлөгөөгүй ажилласан. Одоо бид дөрөв дэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэллээ. Байшингийн чанар муудалт бол материалыг нь дулааны улиралд сайн хатаагаагүйгээс болж байна. Гурав дөрвөн жилийн дотор зүгээр болно. Нэгдүгээр сургуулийн байрыг гүйцэтгэгчид дахин засварлах үүрэгтэй. Барилгуудын хоорондын зайны хувьд кадастрын зургийн дагуу шалгалт хийж арга хэмжээ авна. А бүсэд хувийн байр барьж болно. Сургууль, эмнэлэг зэрэг үйлчилгээний газруудыг олон түмэнд ойртуулан Б бүсэд барьж болно. Харин газрыг өрх бүрт биш хүн бүрт өмчлүүлэх хуулийн заалт байдаг тул бид түүний дагуу ажиллана» гэсэн хариу өгч байна.                               

Ш.Айзаря

 

                       

Холбоотой мэдээ