Монгол хүн оюун ухааны далайцаараа томоохон хөрөнгөтөн болох боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-22 14:56:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их хэмжээний мөнгөгүй ч монгол хүн оюун ухааны далайцаараа томоохон хөрөнгөтөн болох боломж байна. Гагцхүү энэхүү гайхамшиг болох хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг төдийлөн ойшоохгүй ирснийг "Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулганы илтгэгчид онцолж байна.

Монгол Улсын зах зээлийн хөгжил их хувьчлалаас эхэлсэн бөгөөд хөрөнгө, санхүүгийн мэдлэггүйн улмаас тухайн үед цөөн хүн хожиж, олонхи нь үр шим хүртээгүйн нөлөө болон олон улсын стандартад нийцсэн хөрөнгийн зах зээл төлөвшөөгүйд дүгнэлт хийж, ирээдүйд хэрхэх вэ гэдэгт дотоод, гадаадын 1000 орчим төлөөлөгч гаргалгаа хийж байна.

Тэд ирээдүйд хөрөнгийн зах зээлд оролцдог  мэргэжлийн байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх, үнэт цаас гаргагч компаниудын засаглалыг  сайжруулах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн бүртгэл тооцоог үнэн зөв болгох хэрэгтэй гэдэгт  саналаа нэгтгэлээ.

"Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулганаар Дижитал зах зээл дэх старт-ап буюу гарааны бизнес, Технологийн хувьсгал, Амжилттай хөрөнгө оруулалт, Өмч хувьчлал Монголд зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна.

Мөн үеэр гадны илтгэгч хөрөнгө оруулалтаар дамжуулан санхүүгийн хөрөнгөө 6 тэрбум гаруй ам.долларт хүргэсэн  Адвек Холдинг Эй-Жи компанийн гүйцэтгэх захирал Бруно Рашле хөрөнгө оруулалтын зарчим, хөрөнгөө хэрхэн өсгөсөн туршлагаасаа хуваалцсан бол Венчурс Уан Ази компанийн  гүйцэтгэх  захирал Антони Хоброу тогтвортой бизнест хөрөнгө оруулах үр өгөөжийн талаар мэдээлэл өглөө. Мөн Дэлхийг хаягжуулна” уриатай “whatwords” компанийн гүйцэтгэх захирал Крис Шелдрик хаягжуулалтын шинэ платформ хийгээд гарааны бизнесийн  талаар сонирхолтой илтгэл тавьсан юм.
 
Монгол Улсын эдийн засаг дахь төрийн оролцоо ямар байх вэ гэдэгт төлөөлөгчид дараах хариултыг өгч байна.
 
БИЗНЕС, ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ТӨРИЙН ОРОЛЦОО ХАМГИЙН БАГА БАЙХ ЁСТОЙ 

 

 
УИХ-ын гишүүн Ү.Хүрэлбаатар:

- Юуны өмнө Монгол Улс яаж оршин тогтнох вэ, урагшаа хэрхэн алхах  вэ гэхээр эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ёстой. Даяаршиж байгаа энэ нийгэмд Монгол Улс эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж үр ашигтай байдлыг чухалчлбал хөгжинө. Миний хувьд эдийн засаг бизнес дэх төрийн оролцоо хамгийн бага байх ёстой гэсэн байр суурьтай явдаг.


ХУВИЙН ХЭВШИЛД ЭДИЙН ЗАСАГ ТУЛГУУРЛНА ГЭСЭН СОНГОЛТЫГ БИД ХИЙСЭН

 

Эдийн засагч Р.Амаржаргал:

-Тухайн улс орны өмнө тавигдаж байгаа зорилт юу вэ гэдгийг чухалчлах ёстой. Түүхэн зорилтыг шийдвэрлэхэд ямар арга зам чухал байгааг уялдуулах хэрэгтэй. 1990-1992 онд монголын эдийн засаг хувийн хэвшилд тулгуурласан байна гэсэн сонголтыг Үндсэн хуулиараа бид бататгасан.  Энэ сонголтыг хэрэгжүүлэхийн төлөө төр засаг холбогдох байгууллагууд шийдвэрээ тал бүрээс зөв гаргаад явах ёстой.

ХӨРӨНГИЙН  ЗАХ ЗЭЭЛЭЭ АМЬ ОРУУЛАН ГУРВАН САЯ ИРГЭН БҮР АШИГ ХҮРТЭХ ЁСТОЙ

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Гурван саяулаа яаж хөрөнгө оруулагч ард түмэн болох вэ гэдэгт өнөөдөр төвлөрч байна. Баялгийн тэгш хуваарилалтыг баялаг бүтээгчид,  иргэд  яаж хүртэх вэ гэдэг бол маш чухал. Бид  гурван саяулаа 1072 гэсэн хувьцааг эзэмшдэг.  Гэсэн хэрнээ уг хувьцааныхаа үнэ цэнийг мэддэггүй, төлөөлөн удирдах зөвлөлд нь орж суугаагүй. Энэ нь шилний цаанаас мөхөөлдөс долоосонтой адил үлгэр болчихоод байна. Тэгэхээр монголд байгаа өмчүүдийг нэгтгэж балансын тооллого хийхэд 10 тэрбум орчим  ам. долларын үнэлгээ гарсан. Гэхдээ энэ бол хамгийн багаар хэмжигдсэн үнэлгээ.. Үүний  өгөөжийг дээшлүүлбэл эдийн засаг маш хурдан өснө.  100 орчим   төрийн өмчит компанийн ихэнх нь алдагдалтай ажиллаж байна. Энд 45 мянган хүн ажилладаг  хэрнээ үр ашиггүй байгаа. Тиймээс цаашид эдийн засаг дахь төрийн оролцоог хамгийн бага түвшинд байлгах ёстой. Мөн өмч  хувьчлалын бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлэх,  иргэдэд үүгээр дамжуулж боломж олгомоор байна. Монгол Улс өдөрт 100 сая төгрөгөөс бага гүйлгээ хийдэг хөрөнгийн  зах зээлтай. Ийм зах зээлтэй газар дэлхийд байхгүй л байх. Нарантуул захын өдрийн гүйлгээнээс бага байгааг бодолцох ёстой.  Нийт  хөрөнгийн зах зээл дээр гарсан компаниудын үнэлгээ нь нэг тэрбум ам.долларт хүрэхгүй  байна. Муу сургамжууд бидэнд бий. Тухайлбал Цахилгаан холбоо компанийг хувьчлахгүй дарсаар байгаад үнэлгээгүй болгочихсон. Тус компани тухайн үед өмч хувьчлалыг явуулж чадсан бол  харилцаа холбооны зах зээл дээр том тоглогч болох боломж байлаа.Төр дарсаар байгаад үнэ цэнэгүй болгодог горыг ард түмэн л хүртдэг. Тиймээс өмч хувьчлалын бодлогыг яаралтай хэрэгжүүлж хөрөнгийн  зах зээлээ амь оруулан гурван сая иргэн бүр хувьцаанаас ашиг хүртэх системийг бий болгох ёстой.
 

ХЭН НЭГЭН ДАРГА ЦЭРГИЙН “ТӨРИЙН ӨМЧ” НЭРЭЭР МӨНГӨ  ИДДЭГ МЕНЕЖМЕНТИЙГ ХАЛЬЯ

 

Уул уурхайн Эдийн засагч Л.Наранбаатар:

-Хөрөнгө оруулагч үндэстэн гэсэн чуулганы уриа нь их сонирхол татлаа. Энэ үг монголчуудад ухаарал  өгч, өнгөрснөө дүгнэх,  цаашдаа хэрхэх вэ гэдгийг бодогдуулах байх. Монгол Улсад хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэхдээ зөвхөн гадны хөрөнгө оруулалт хийе гэсэн өрөөсгөл ойлголтоосоо салмаар байна. Монгол хүн бүр хөрөнгө оруулагч байж чадна.  Өнөөдөр 10 их наядын хөрөнгө банкуудад эргэлдэж байгаа.  Иргэд энэ мөнгийг банкны хадгаламжинд бус  хувьцаа руу  хийж эргэлтэд оруулбал  жинхэнэ хөгжил ирнэ. Бид зөвхөн банкинд мөнгөө өсгөдөг гэж ойлгоод байдаг.  Энэ байдалдаа дасчихсан ард түмэн.  Гэтэл хөрөнгө оруулагч үндэстэн  арай өөрөөр харахыг  өнөөдөр санал болгож байна. төрийн оролцоо эдийн засагт ямар үр дүн үзүүлдэг вэ гэдгийг  жишээгээр татья. Өнгөрсөн жил “Монгол шуудан” ХК тодорой хэмжээний хувьцаагаа олон нийтэд гаргасан.  34 хувийг хувьчилснаар 90 сая  төгрөгийн ашигтай ажилладаг илүүдэл зардалтай байсан тус компани  жилийн дотор 1.1 тэрбум төгрөгийн  цэвэр ашигтай ажиллаж чадсан жишээ бий. Бизнесийн цэвэр өрсөлдөөнөөр ашигтай ажиллаж болохыг  Монголшуудан компанийн  хувьчлалаас харж болно. Хэн нэгэн дарга цэргийн “төрийн өмч” нэрээр мөнгө  иддэг менежментийг халах цаг болсон. 
 
 Б.Заяа
Холбоотой мэдээ