ДЭМБ: Элэгний В, С вирусийн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-04-24 11:00:25
ЖЕНЕВ. /Xinhua/. “Өнөөдөр дэлхийн хэмжээнд элэгний В, С вирустэй 325 сая хүн амьдарч байна. Тэдний ихэнх нь шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж чадахгүй байна” гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдлээ.

“Вируст гепатит нь нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай, дэлхий даяар хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулж буй томоохон сорилтуудын нэг болоод байна” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал, доктор Маргарет Чан хэлээд “элэгний В, С вирусийн вакцин болон эм бий. ДЭМБ хэрэгтэй хүмүүст нь хүрч үйлчилж, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна” гэв.

2015 онд вируст гепатитаар 1.34 сая хүн амиа алджээ. Өөрөөр хэлбэл, сүрьеэ болон ХДХВ-ээр нас барсан хүмүүстэй адил тооны хүн вируст гепатитаар нас барсан байна.

Сүрьеэ ба ХДХВ-ээр нас барсан хүмүүсийн тоо буурсаар байгаа бол вируст гепатитаар нас барагсдын тоо нэмэгдсээр байгаа юм.

Дэлхий даяар, тэдгээрийн дотор халуун цэгүүдэд элэгний В, С вирусийн эмчилгээний хүртээмж муу байна гэж ДЭМБ анхаарууллаа.


ДЭМБ-аас гаргасан “Global Hepatitis-2017” тайланд “зарим улс оронд вируст гепатитын вакцин болон эмчилгээний хүртээмжинд ахиц дэвшил гарч байна. Тухайлбал, Хятад улсад нярай хүүхдүүдийн В вирусийн вакцинд хамрагдалт 96 хувьтай байна. Мөн Монголд В,С вирусийн эмчилгээний хүртээмж нэмэгдэж байна. Тус улсын ЭМД-ын сангаас В, С вирусийн эмийг хөнгөлөлттэй үнээр олгож байна. Монголын хүн амын 98 хувь нь ЭМД төлдөг юм” гэжээ.

Дэлхийн хэмжээнд 2015 онд төрсөн хүүхдүүдийн 84 хувь нь элэгний В вирусийн гурван тун вакцинд хамрагджээ.

В вирусийн халдвартай хүн насан туршдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг бол С вирустэй хүмүүс тодорхой эмнүүдийг ууснаар харьцангуй богино хугацаанд эдгэрэх боломжтой.

/https://www.pakistantoday.com.pk/2017/04/23/hepatitis-data-highlights-need-for-global-response/

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ