Орхон аймаг “Өрхийн тариалан 2017” төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-24 13:11:01
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн ХХААГ “Өрхийн тариалан 2017” төсөл боловсруулсанаа орон нутгийн удирдлагуудад танилцууллаа. Тус аймаг  5 мянга гаруй га газар тариалангийн эргэлтийн талбайтай. Үүний 100 хувьд тариалалт хийж, га-аас авах ургацын хэмжээ улсын дунджаас дээгүүр байдаг ч  төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа юм.
Тиймээс “Өрхийн тариалан 2017” төсөл хэрэгжүүлж хамгаалагдсан хөрсний аж ахуй буюу хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, орон нутгийн онцлогт тохирсон гүйцэд боловсордог богино сортын үрээр тариаланчдыг хангах, иргэдийн өмчилж авсан хашааны газарт өрхийн тариалалт хөгжүүлэхээр болжээ. Мөн “Өрхийн тариалан 2017” төслийг гурван чиглэлд хэрэгжүүлэхээр боловсруулсан байна. Тухайлбал, Атрын III аяны хүрээнд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас нийт 2400 м.кв 30 ширхэг хүлэмжийг тариаланчдад хөнгөлөлттэй үнээр олгох, сумдад “Агро үйлчилгээний төв” байгуулах замаар техник үйлчилгээг нэвтрүүлэх, өрхийн тариаланг хөгжүүлэх ажлыг төслийн хүрээнд хийхээр төлөвлөжээ. Мөн төслийн хүрээнд 1000 айлыг хамруулж, тоног төхөөрөмжөөр хангах бөгөөд нийт 211.4 сая төгрөг зарцуулахаар тооцсон гэж ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий хэллээ. 
  Б.Оюун-Эрдэнэ
Холбоотой мэдээ