Малчид бэлчээрийн доройтлыг өөрсдөө тогтооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-24 13:33:19
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймагт Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр "Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийг 2017-2020 он хүртэл хэрэгжүүлнэ.  "Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо" ТББ-аас уг төслийг Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий, Богд суманд хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Урьд нь баруун 7 аймагт малчдын байгууллагыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж, тодорхой үр дүн гаргасан учраас Монгол Улсын Засгийн газар, ХХААЯ-аас энэ туршлагыг бусад аймгуудад түгээн дэлгэрүүлэх талаар зөвлөсөн гэдгийг "Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Ганхуяг хэллээ.
Төслийн хүрээнд сонгосон сумдад бэлчээрийн менежментийн ажлын хэсгийг байгуулж, үйл ажиллагааг нь дэмжих, сумын бэлчээрт мониторинг хийх ба малчдыг нутаг усаар нь зохион байгуулалтанд оруулж, Бэлчээр ашиглагчдын хэсэг гэж байгуулах юм. Нэг хэсэгт 30-50 өрх хамрагдах бөгөөд тэдэнд бэлчээрийн төлөв байдал, доройтол, бэлчээр ашиглалтын талаар сургалт, мэдээлэл явуулахын зэрэгцээ "Дундын сан" байгуулж, хөрөнгийн 50 хувийг төслөөс шийдэж өгөх ажээ.
Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий сумдууд сарлагтай, Богд сум тэмээтэй учраас сарлагийн хөөвөр, торомны ноосыг бэлтгэн нийлүүлэх сургалт явуулж, үнэлэмжийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрүүдэд бэлтгэн нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэнэ. Зах зээлд тэмээний ноос нэг кг 3000 төгрөг байгаа бол самнаж бэлтгэхээр 10000 төгрөг хүрдэг, мөн торомны ноосыг самнаж бэлтгэснээр ноолууртай дүйцэхүйц хэмжээний нарийн ширхэг гардаг учраас дэлхийн зах зээлд гаргах боломжтой, энэ зорилтыг төслийн хүрээнд хэрэгжүүлнэ гэв.
“Өвөрхангай аймгийн хойд сумдуудын бэлчээр илүү доройтсон байгаа нь судалгааны явцад мэдэгдсэн. Малын тоо ихсэж, бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрсэн байна. Бэлчээрийн доройтол малчдын амьжиргаанд нөлөөлж байгаа. Нэг малчин жилд 3.6 саяас 2.6 сая төгрөгийн хооронд алдагдалд орж байна гэсэн тооцоо бий. Үүнийг бүх малчин өрхөөр үржүүлэх юм бол маш өндөр тоо гарна. Тэгэхээр бэлчээрт яах аргагүй анхаарал хандуулахгүй бол болохгүй  гэдэг нь тодорхой байна” хэмээн төслийн зохион байгуулагчид хэлэв.
Төслийн үр дүнд "Намайг бага байхад бэлчээр, өвс их л сортой байсан, одоо бол өөрчлөгдчихөөд байна" гэж таамаг төдий ярьж байгаа малчид “Бэлчээр юуны улмаас хэдэн хувиар өөрчлөгдчихөөд байгаа юм. Доройтсон бэлчээр нь эргээд сэргэх үү, үгүй юу. Сэргэх бол хэдэн жилийн дотор юу хийвэл сэргэх юм” гэдгийг өөрсдөө тогтоодог болох аж. Түүнчлэн түүхий эд бэлтгэн нийлүүлэлт дээрээ нэмүү өртөг шингээх замаар тодорхой хэмжээний хөрөнгийн эх үүсвэр олж, бэлчээртээ хөрөнгө зарцуулдаг тогтолцоог эхлүүлэх бөгөөд энэ дөрвөн суманд үр дүнтэй хэрэгжсэн загвараар бусад сумдуудад нэвтрүүлэх ажлыг хийх юм.
Б.Батчимэг
 
Холбоотой мэдээ