Д.Трамп, Ш.Абэ нар Пхеньяны аюул заналыг нэгдсэн фронтоор сөрөн зогсоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-24 14:32:12
ТОКИО. /Nikkei/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар өнөө өглөө утсаар холбогдож, Умард Солонгосын асуудлыг авч хэлэлцлээ.

Солонгосын Ардын арми байгуулагдсаны 85 жилийн ойг Пхеньянд тэмдэглэхээс нэг өдрийн өмнө тэд утсаар ярьсан нь энэ юм. Уг баярыг тохиолдуулан Умард Солонгос ээлжит удаагаа цөмийн туршилт хийнэ эсвэл пуужин харваж болзошгүй гэж улс орнууд түгшиж байна.

Ш.Абэ, Д.Трамп нар Умард Солонгосын асуудлаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж,  нөхцөл байдлыг улам хурцатгах алхам хийхгүй байхыг Пхеньянаас шаардахаар тохиролцжээ.

Утсаар ярьсныхаа дараа Ш.Абэ сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “Д.Трамп аюул заналыг сөрөн зогсох эрмэлзэлтэй байгаад би сэтгэл хангалуун байна” гэжээ.

Хоёр улсын удирдагчид үүнээс өмнө хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 9-нд утсаар ярьсан юм. Японы засгийн газрын албаны хүний хэлснээр, Умард Солонгост илүү хүчтэй шахалт үзүүлэх зорилгоор тэд өнөөдөр утсаар ярьжээ.

Умард Солонгос зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хэзээ мөдгүй хийж магадгүй гэж Токио болон Вашингтон түгшиж байгаа юм.

Г.Доржханд

 


Холбоотой мэдээ