О.Баасанхүү гишүүн бүлгийн даргын өрөөнд төвхнөсөн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-24 14:49:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү албан өрөөг нь хууль бусаар суллаж авсан хэмээн мэдээлсэнтэй холбогдуулж УИХ-ын Тамгын газрынхаас асуудлыг тодрууллаа.

О.Баасанхүү гишүүн өмнөх парламентын үед УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн даргаар гурван өдөр ажиллах үедээ дээрх өрөөнд оржээ.  Бүлгийн даргаар гурав хоног ажиллаад, УИХ-ын сонгууль болж, сонгуулийн дүнгээр УИХ-ын гишүүнээрээ улиран сонгогдсон учир эдүгээг хүртэл өөр өрөөнд шилжээгүй байсан байна. Түүнд Тамгын газраас шинээр хуваарилсан өрөөнд шилжин орохыг мэдэгдсэн ч тэрхүү өрөөнд нь орохгүй хэмээн эсэргүүцэл илэрхийлсэн гэнэ. 

Төрийн ордны өрөөний хуваарилалтаар бол О.Баасанхүү гишүүний байрлаж буй өрөө УИХ дахь намуудын бүлгийн дарга нарын хуваарьт өрөө аж. Үүдэнд нь туслах нь суух зохицуулалттай, зай талбайн багтаамжийн хувьд арай том учир УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг тус өрөөнд оруулахаар хуваарилалт хийжээ. Энэ талаар өнгөрөгч баасан гаригт УИХ-ын гишүүн О.Баасанхүүд албан бичгээр мэдэгдсэн ч тэрбээр өнөөдөр өрөөнөөсөө гарч коридорт төвхнөжээ.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ 

 
Холбоотой мэдээ