THAAD-ын эд ангиудыг зөөж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /VOA/. Умард Солонгосын пуужингийн болон цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал хурцдаж байгаатай холбоотойгоор АНУ-ын арми лхагва гарагаас эхлэн THAAD буюу баллистик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн зарим эд ангиудыг Өмнөд Солонгос дахь уг системийг байрлуулах талбай руу зөөж эхэлсэн байна.
“Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул занал нэмэгдэж байгаатай холбогдуулан Өмнөд Солонгос болон АНУ хамтран THAAD цогцолборыг суурилуулах ажлыг урьдчилсан байдлаар эхлүүлээд байна ” гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.
THAAD системийн эхний ээлжийн эд ангиудыг 3 дугаар сарын эхээр Өмнөд Солонгост тээвэрлэн авчирсан бөгөөд тэдгээрийг Сеонжү муж дахь гольфын талбай байсан газарт зөөж авчирсан тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам өнөөдөр мэдэгдлээ.
THAAD системийг байрлуулах болсон гол шалтгаан нь Умард Солонгосын пуужингийн болзошгүй аюулаас сэргийлэх явдал юм гэж Өмнөд Солонгос, АНУ хоёр мэдэгдсээр байгаа билээ.
Харин Хятад улс "уг системийг байрлуулж байгаа нь тус улсын аюулгүй байдалд заналхийлнэ" гэж мэдэгдсэн юм.
Х.Сарнай