Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хүчнийг шаардлагатай техникээр хангаж өгөхийг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2017-04-26 20:22:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгугийн урилгаар Москвагийн олон улсын аюулгүй байдлын 6 дугаар бага хуралд оролцхоор Москва хотод хүрэлцэн ирээд байна.
Энэ сарын 25-ны өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзан хоёр орны зэвсэгт хүчний хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд Сергей Шойгу "Таван толгой" энхийг сахиулах сургалтын төвд дэлбрэлт болж монгол цэргүүд осолдсонд эмгэнэл илэрхийлэв.
Тэрээр “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын байнгын ажиглагчийн статустай анхны орон бөгөөд цаашид гишүүн орны тоонд багтана гэдэгт итгэлтэй байна. ОХУ, Монгол Улсын батлан хамгаалах салбрын хамтын ажиллагаа эерэг хандлагатай байгаа бөгөөд цаашид хамтарсан байлдааны сургалтын бодлого боловсруулж хамтран ажиллана” хэмээгээд Москвагийн олон улсын аюулгүй байдлын бага хуралд оролцхоор хүрэлцэн ирсэн Монгол Улсын БХЯ-ны удирдлагад талархал илэрхийлэв.
 
Монгол Улсын цэргийн албан хаагчдыг сургахад ОХУ маш их дэмжлэг үзүүлдэгт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ талархал илэрхийлээд Монгол улсад шинээр Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хүчин байгуулагдсантай холбогдуулан шаардлагатай зэвсэг техникээр хангаж өгөхийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгугаас хүслээ.
 
Дашрамд дурдахад ОХУ-д хөнгөлөлттэй зардлаар болон буцалтгүй тусламжаар Монгол Улсын Зэвсэгт хүчний 350 орчим албан хаагч суралцаж байгаа аж.
Москва хот
Л.Нандинцэцэг
Холбоотой мэдээ