Гурван сум халдварт өвчний голомттой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-28 13:57:12
Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ сарын 28-ны байдлаар Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Эрдэнэ суманд малын  гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт үргэлжилж  мэргэжлийн байгууллагууд хорио цээрийн дэглэмийг сахиулж байна.
Дэлгэрэх суманд  халдварт өвчний гурван голомт үүсч есөн өрхийн 42 үхэр, гурван хонь устгасан бол Эрдэнэ сумын нутагт шүлхий өвчнөөр 80 хонь өвчилснийг  зориудын аргаар устгажээ. Харин Алтанширээ сумын нутагт энэ сарын 24-нд шүлхий өвчний шинж тэмдэг илэрлээ гэх дуудлагын дагуу аймгийн мал эмнэлгийн мэргэжилтнүүд дээж авч шинжлэхэд анхны шинжилгээгээр шүлхий өвчний шинж тэмдэг мөн болохыг тогтоож улсын Мал эмнэлгийн төв лабораторид баталгаажуулахаар явуулсан байна.
Өвчний шинж тэмдэг илэрсэн зургаан өрхийн 26 үхрийг тусгаарлажээ. Халдварт өвчин гарсан сумдын нутаг руу зорчих авто машины хөдөлгөөниг хязгаарлаж, мал болон түүхий эд тээвэрлэхийг бүрэн хорьжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр малчид өвчтэй малаа нуун дарагдуулах,  өвчин гарсан үед  баталгаагүй янз бүрийн тариа тарьж  түр зуурын байдлаар хаацайлах, малдаа шаардлагатай вакциныг хийлгээгүй зэрэг хариуцлагагүй байдал гаргаснаас үүдэж халдварт өвчин гарах нөхцөл бүрдсэн аж.
Тиймээс малчид болон сум орон нутгийн зарим удирдлагын  ажлын хариуцлагыг сайжруулах шаардлага гарчээ. Хариуцлагагүй  байдал гаргаж  малаа өвчлүүлсэн зарим малчин, удирдах албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ