Архангай аймагт элэгний С вирустэй 400 хүний эмийн эмчилгээг эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-28 17:26:57

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт улсын хэмжээнд загвар болгож байгаа “Элэгний эмгэггүй Архангай” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд зорилтод 40-65 насны 17584 иргэнийг эрт илрүүлэг шинжилгээнд хамруулахад 3439 иргэн элэгний С вирустэй гэж гарсан.

Эхний ээлжинд элэгний С вирустэй иргэдээс 1000 иргэний идэвхжлийг тодорхойлох сорьц авсан юм. Өнөөдрийн байдлаар 679 хүний вирусын идэвхжлийн хариу гарч, үүнээс идэвхжил өндөр гарсан 400 хүний эмчилгээг эхлээд байна. 

Харвони эмийн эмчилгээ 2-р сарын 23-наас эхэлж, 3 дахь тунгаа ууж байгаа 139 иргэн байна. Үүнээс гадна хуваарийн дагуу 1 болон 2 дахь тунгаа ууж байгаа иргэд ч байгаа юм.

2000 ширхэг Харвони эмийн хөрөнгө оруулалт хийх АНУ-ын Гилеад Сайнсес компаний төлөөлөгчид уг төслийн явцтай танилцсан. Гилеад Сайнсес компаны Ази Номхон Далайн орнууд хариуцсан захирал Бен Камарк төслийн явцын тайлан үр дүнтэй танилцаад “Дэлхийн олон улс орнуудад уг төслийг хэрэгжүүлж байгаа боловч Архангай аймагт хэрэгжиж буй төсөл шиг ийм богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадахгүй байгаа. Танай аймаг төслийг амжилттай хэрэгжүүлж байна гэж дүгнэн, компаний зүгээс Архангай аймагт хэрэгжүүлж эхэлсэн төслөө бүрэн дуусгаж, ирэх намраас үлдсэн эмийн хангалтаа үргэлжлүүлэн олгохоор болсон юм.
 

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ