Намын дотоод сонгуульд М.Ренци хол тасархай яллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА./TASS/. Италийн Ерөнхий сайд асан М.Ренци эрх баригч Ардчилсан намын дотоод сонгуульд тасархай хол түрүүлж байна. Энэ тухай Repubblica сонин санал хураалтын урьдчилсан мэдээг иш татан мэдээллээ.
“Энэ бол том хариуцлага! Италийн ирээдүйд итгэдэг хүмүүст бүгдээрэнд нь баярлалаа. Хамтдаа урагшилцгаая!” хэмээн Ренци “Instagram” хуудсандаа бичжээ.
Санал хураалтын албан бус дүн мэдээгээр, М.Ренци сонгогчдын 71 хувийн санал авсан бол үүний өрсөлдөгчид болох Хууль зүйн сайд Андреа Орландо, Апули мужийн захирагч Микеле Эмильяно нар 21 хувь болон 8 хувийн санал тус тус авсан байна. Намын дотоод сонгуульд бараг хоёр сая хүн оролцжээ.
Италийн Ерөнхий сайд Паоло Жентилони М.Ренцид утсаар баяр хүргэсэн байна. Албан ёсны дүнг танилцуулсны дараа Ренцигийн нэрийг ойрын үед болох намын их хурлаар ёсчлон батлах юм.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 4-нд явагдсан бүх нийтийн санал асуулгаар италичууд М.Ренцигийн санал болгосон Үндсэн хуулийн шинэчлэлээс татгалзсаны дараа М.Ренци эхлээд Ерөнхий сайдын албан тушаалаас, дараа нь намын ерөнхий нарийн бичгийн даргаас огцрох өргөдлөө өгөхөөс аргагүйд хүрсэн юм.
Парламентыг /сенат/ дээд танхимгүй болгоход чиглэсэн энэхүү шинэчлэлийг Ардчилсан намын нэр хүндтэй гишүүд эсэргүүцэж байв. Ажиглагчдын үзэж байгаагаар, амбицтай улс төрч гэдгээ нэгэнт харуулсан М.Ренци төр засгийн эрхэнд дахин гарахын төлөөх тэмцлээ үргэлжлүүлэх ажээ.
О.Барс