Бид ямар дэлхий ертөнцөд амьдрахыг хүсч байна вэ?
МОНГОЛЫН МЭДЭЭДорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн зүүн хойд хэсгээр зун, намартаа нутагладаг хүн, малыг ундаалж ирсэн “Гуравны нуур” сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт болон хүн, малын хөлд талхлагдан дагтаршиж, ширгэхэд хүрээд байсан юм.
Харин 2014 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн хүрээнд нутгийн иргэдийн оролцоотой “Гуравны нуур”-ыг усаар тэтгэж байдаг гурван булгийн Эхэн буюу Дунд булгийг хамгаалж хашаа барьж босгосноор “Гуравны нуур” сэргэсэн байна. Тус буянтай ажлын үр дүнд “Гуравны нуур” дахин амилж, усны түвшин дээшилж энд урьдын адил нүүдлийн шувууд түр саатан амарч буудалладаг болсон төдийгүй нутгийн хүн, малын зоо тэнийгээд байгаа юм.
Өмнө нь эдгээр булгийг тойруулж төмөр хашаа, хайс хийж хамгаалсан ч барих арга технологи нь буруу байснаас удалгүй л нураад уначихдаг байж. Харин энэ удаа булгийн эхийг хамгаалах хашааг нэлээд алсуур тойруулан барьсан бөгөөд хашааны тулгуур шонг нь гурван хөл /чулуу болон бетон/-тэй болгосноор маш тогтвортой болсон хэмээн нутгийн иргэд хэлж байв. Мөн үхэр, мал шөргөөх тусгай шонг булгийн хажууд байрлуулжээ. Энэ мэт байгальдаа дасан зохицуулсан хашааг хийснээр өвлийн улиралд ч булгийн орчимд газар нь овойж хөлдөхөд шон нь унадаггүй байна.
Ийнхүү тус төслийн хүрээнд Хэнтий аймгийн Батноров, Норовлин, Баян-Адарга, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот, Гурванзагал, Чойбалсан, Сэргэлэн зэрэг Улз голын сав нутагт оршдог сумын булаг шандуудыг энэ шинэ технологийн дагуу хашаа барьж хамгаалж байгаа нь нутгийн иргэдийн талархалыг хүлээж байна. Энэ бол байгаль дэлхийтэйгээ дасан зохицож амьдрах монгол арга барил, ур ухааны загварыг бий болгож байгаагийн эхлэл гэлтэй. Мөн үүний үр шим, ач холбогдол нь байгаль дэлхийд оруулсан үнэт хөрөнгө оруулалт болж байгаа гэдгээрээ онцлогтой.
Үүнээс гадна “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн тусламжтайгаар дээр дурдсан сумуудад ус хуримтлуулах хиймэл хөв цөөрөм, мод үржүүлгийн талбай байгуулахад болон төмс, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэх иргэдийн сайн дурын бүлэг, хоршоог дэмжсэн жижиг төслүүд амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгч байна.
Төслийн эрхэм зорилт нутгийн иргэд байгальд түшиглэн дасан зохицох арга ухааныг эзэмшин ажлын байр бий болгож амьжиргаагаа дээшлүүлэх явдал юм. Харин төсөлд хамрагдсан иргэдийн эрхэм үүрэг нь сургагч багш болж сурсан мэдсэнээ бусдад сургаж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэнэ.
Тэд туршлагаа хуваалцан, нийтлэг тулгарч буй асуудал, аливаа бэрхшээлийг хэрхэн эрсдэл багатай давах ямар боломж, гарц байгааг хайж байна. Аливааг жижиг гэлтгүй хүн бүр хэрэгжүүлснээр “Их үйл хэрэг” болж түгэн дэлгэрч, тодорхой үр дүнд хүрэх нь тус төслийн зорилт оршдог байна. Тиймээ, ирээдүйд бид байгальдаа ээлтэй, дасан зохицсон ийм л "Дэлхий ертөнцөд амьдрахыг хүсч байна".
Өнөөдөр манай хөдөө орон нутагт хүн, малаа ундлах булаг, шанд, гол, нуур, худагтай байна гэдэг иргэдийг төрөлх нутагтаа ая тухтай аж төрөх эх үндэс нь байдаг билээ. Харин 1990-ээд оноос Монгол Улс, уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй орны тоонд багтах болж булаг, шанд бүхий намгархаг газруудын 60 гаруй хувь нь хатаж, ширгэж байгааг манай мэргэжилтнүүд онцолж байна.
Монгол Улс ардчилсан зах зээлийн нийгэмд шилжсэн өнгөрсөн 20 гаруй жилд хүн амын шилжилт хөдөлгөөн хот, суурин руу чиглэж нийслэл хот болон аймгийн төвийн оршин суугчид эрс өссөн бөгөөд дэлхий дахинд ч хотжилт явагдсаар байна. Тиймээс ч НҮБ-аас сүүлийн гурван жилд, -Бид ямар дэлхий ертөнцөд амьдрахыг хүсч байна вэ? гэсэн судалгааг дэлхийн 8 сая гаруй хүнээс авсан бөгөөд уг судалгаанд Монгол Улсын 5 мянга гаруй хүн оролцжээ. /Рио де Жанейро хотноо 2012 онд чуулсан “Рио+20” НҮБ-ын бага хурлаас “Бидний хүсч буй ирээдүй” баримт бичиг баталсан юм./ Үүний мөрөөр 17 үндсэн зорилтыг хамрах 169 зорилгод хүрэх “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг НҮБХХ-өөс боловсруулжээ.
Монгол Улсын хувьд ядуурал, ажилгүйдэл, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, байгаль орчны бохирдол, ногоон хөгжил зэрэг асуудалд өөрийн улсын байр суурийг илэрхийлж уг бичиг баримтад саналаа тусгасан. Өнөөдөр бидний өмнө тулгамдсан уг асуудлуудыг хамааруулсан төслийг НҮБХХ-өөс Монгол Улсад хэрэгжүүлж байгаа.
Тухайлбал, “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн үр дүнг Улз голын сав газраар оршин суугчид ийнхүү хүртэж эхэлжээ.
Энэ нутгийн иргэд “Чандмань эрдэнэ” хэмээх амьдралыг тэтгэгч усаа хэрхэн ариг гамтай ашиглаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх арга ухаанд суралцах их аянд мордож тодорхой үр дүнд хүрч эхлэж байна.
Зам дагаж хөгжил, Ус дагаж амьдрал...
Монгол Улсын хувьд нийт усны нөөцийн 80 хувийг нь гадаргын ус, үлдсэн 20 хувийг газар доорх нөөц нь тогтоогдсон гүний ус эзэлдэг. Харин манай улсын усны хэрэгцээний 80 хувийг гүний ус хангадаг бөгөөд үлдсэн 20 хувийг л гадаргын усаар хангаж байгаа нь үнэхээр алсаа хараагүй, үрэлгэн хэрэглээ юм.
Монголчууд нөөц нь тогтоогдчихсон энэ гүний усаа ундны болон ахуйн хэрэгцээ, үйлдвэрлэл, уул уурхай гээд усыг ашиглаж болох бүхий л зүйлд хэрэглэж байна.
Өнөөдөр манай гариг дээр 650 сая гаруй хүн цэвэр усны гачигдалтай амьдарч байхад “Чандмань эрдэнэ” болсон усны нөөцдөө ийм үрэлгэн ханддаг улс орон, биднээс өөр байхгүй л болов уу. Дахин буцааж болшгүй уур амьсгалын өөрчлөлт, аливаа эрсдлийг бууруулахын төлөө хүн төрөлхтөн нэгдэж байна.
Монгол орны говь, тал хээрийн бүс нутаг, хангайн зарим бүс нутагт усны хатуулаг, эрдэсжилт өндөр байдгаас манай улсын 330 гаруй сумын 110 гаруй нь ундны усны чанар, стандартын шаардлага хангахгүй ийм усыг хэрэглэж байна. Мөн бид газар нутгийнхаа хэмжээтэй харьцуулахад ундны усны нөөцөөр хомс орны тоонд ордог.
Харин манай хот суурингийн иргэд буюу хүн амын 70 шахам хувь нь нойл /00/-ын ус, автомашин угаахаас эхлээд ахуйн болон үйлдвэр үйлчилгээний бүх хэрэглээнд газрын гүний цэнгэг усыг ашигласаар байна.
Иймд хот төлөвлөлт, орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хэрэглэсэн усыг дахин ашиглах буюу “Саарал усны хэрэглээ”-г тусгаж өгөх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Усны энэ зохисгүй, гамгүй хэрэглээг өөрчилж, гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх нь өнөөгийн бидний эн тэргүүний зорилт юм.
“Замаа дагаж хөгжил ирнэ” гэж бид ярьдаг ч “Усаа дагаж амьдрал оршин тогтнодог” гэдгийг хүн бүхэн мартах учиргүй. Улс даяараа гадаргын усаар үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхай, мал аж ахуй, хөдөө аж ахуйгаа хангах ажлыг хэрэгжүүлж хэвшвэл, бид хүн төрөлхтөний амин хэрэгцээ болоод байгаа асар их цэвэр усыг хэмнэх боломж бүрдэнэ. Хүн бүр үүний ач холбогдлыг сайтар ухаж ойлгохгүй л байна.
Усны зохистой хэрэглээний талаар хүүхэд, залуус, иргэн бүрийг мэдээллээр хангаж, зөв дадал эзэмшүүлэхэд онцгой анхаарах цаг иржээ. Мөн дэлхийн улс орнуудад гадаргын усыг хуримтлуулдаг том усан сан байгуулан ашиглаж байгаа туршлагууд бий.
Харин энэ усан сангууд нь тухайн голын хэвийн урсацаас ус авч хуримтлуулахгүй, зөвхөн голын усны түвшин нэмэгдэх үеийн илүүдэл усыг хурааж авахаар хийгдсэн байдаг. Хуримтлуулсан усаа газар тариалангийн талбай, ногоон байгууламж услахаас эхлээд олон салбарт ашигладаг. Энэ асуудлаар манай холбогдох байгууллагууд судалж гадаргын усгүй бүс нутаг руу гадаргын усны сүлжээтэй газраас урсацын тохируулга бүхий усан сан байгуулж алсын зайнд шилжүүлж байршуулах талаар хөндөж байгаа ч хараахан ажил хэрэг болоогүй л байна.
Тэгвэл дээр дурдсан НҮБХХ-ийн “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн хүрээнд энэхүү ус хуримтлуулах арга туршлагыг орон нутагт хэрэгжүүлж эхэлжээ.
Тухайлбал, Дорнод аймгийн Баяндун сумын төвийн өмнө орших Наранбулагийн орчимд ус хуримтлуулах хөв цөөрмийг энэ оны есдүгээр сарын 18-нд байгуулж дуусгажээ. Энд хөв, цөөрөм байгуулсан онцлог нь Наранбулагаас гадна 4 булгийн болон цас, борооны ус хуримтлуулах хамгийн тохиромжтой нам дор газар гэдгийг нутгийнхан сайн мэддэг учраас сонгожээ.
Одоо энд ус хуримтлагдаад эхэлсэн бөгөөд сумын иргэд, орон нутгийн хэмжээндээ мал аж ахуй, хүнсний ногоо, газар тариаландаа хэрэглэх усны асуудлаа шийдэх гарцыг ийнхүү олж чадсан байна.
Дашрамд дуулгахад, Баяндун суманд өнөөгийн байдлаар 6 хайгуулын лиценз аваад байгаа бөгөөд 2025 онд энэ сумын усны хэрэглээ нь 3 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа судалгааг Улз голын сав газрын захиргаанаас гаргажээ.
Тэд хэчнээн литр, тонн ус хэмнэж чадсан гэдгээ тэмдэглэлдээ өдөр, сараар нь тодорхой бичиж сурч, дадлагжиж байна. Жил бүрийн уур амьсгал өөр өөр байдаг. Жишээ нь өнгөрсөн жил хур багатай хуурай байсан бол энэ жил халуун, шавьж хорхой их болсон гэх мэт жил бүр өөрийн онцлогтой байдгийг тэмдэглэдэг. Эндээс л судалгааны эх сурвалж, баримт нотолгоо үлдэнэ. Улмаар энэ хуримтлуулсан туршлагуудаа нэгтгээд гарын авлага ном гаргах боломж бүрдэнэ. Байгаль дэлхийдээ ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга барилд суралцах эдгээр туршлагаас бүрдсэн гарын авлага ном нь олон хүний амьдралд үр ашгаа өгч, түгэн дэлгэрсэний үр дүнд зах зээл өргөжин тэлж, амьжиргаа нь дээшлэн дэвжих боломжийг олгоно
Баяндун суманд хэрэгжсэн уг ажил нь Монгол Улсын хэмжээнд орон нутгийн иргэдийн оролцоотой хэрэгжүүлж болох сайн туршлага юм.
Энэ бэлэн туршлагыг 1 сая 200 мянган хүн амтай нийслэлд хэрэгжүүлэх боломж байна. Тухайлбал, нийслэл хотын орчимд гадаргын усны хуримталж болох хамгийн тохиромжтой газар нь эрдэмтэн, судлаачдын судалгааг үндэслэж ус хуримтлуулах сан, хөв цөөрөм байгуулан ус түгээх ажлыг хэрэгжүүлж яагаад болохгүй гэж?
Энэ хуримтлуулсан усаараа мод зүлгээ услахаас эхлээд олон салбарт ашиглаж, гүний усаа хэмнэх боломж бидэнд байна.
Гадны улс орны туршлага, энэ тэр гэж байхаар өөрийн орон нутагт хэрэгжиж байгаа сайн туршлагыг улс орон даяар түгээн дэлгэрүүлэхэд бид мал аж ахуй, газрын үр шимээрээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжин тэтгээд байгальдаа сөрөг нөлөөлөл үзүүлэлгүй, дасан зохицож амьдрах боломж байгааг олж харцгаая!
Тухайлбал, гэр хорооллын айл өрхүүд байшингийнхаа дээврийн усыг тосоод авахад л багагүй ус хуримтлуулж авах боломж байна. Өнөөдөр хаа сайгүй хөглөрч байдаг хуванцар савыг ашиглаж сандал, хогийн сав зэрэг эд зүйлс хийж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд бий. Тэднийг дэмжээд борооны ус нөөцлөх сав хийлгээд өрх бүрт түгээхэд л ус хуримтлуулж авах асуудлын бараг тал хувийг шийдэх гарц байна. Уг хуримтлуулсан усаараа айл бүр хашаан дахь зүлэг, мод, хүнсний ногоогоо услахад, өнөө үр ашиггүй асгаж байгаа гүний усаа тонн тонноор хэмнэж чадна. Энэ нь олон айл өрхийн амьжиргааг дэмжих гарц, боломж гэдгийг олж харцгаая. Олж харах олон боломж бидний өмнө байна. Бидэнд хүсэл, зориг л үгүйлэгдээд байна бус уу?
Монголынхоо хөрсөн дээрээ буусан энэ мэт дэвшилтэт арга туршлага, өвөрмөц технологийг бодит үйл хэрэг болгосноор шинээр ажлын байр бий болж, ядуурлыг бууруулж, амьжиргааг дээшлүүлэх зам бидний өмнө байгааг олж харцгаая.
Харин орон нутагт байгаль дэлхийгээ хайрлаж, уламжлалт арга ухаанаа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулсан сайн туршлагыг хэрэгжүүлж эхлээд байгаа бүлэг, хоршоо, ард иргэдээ Монгол Улсын төр засаг, орон нутгийн захиргаа нь дэмжин, олон нийтэд түгээн хэрэгжүүлэх эрхэм үүргээ мартах учиргүй.
Д.Өлзийсайхан