Тамхи татах нь судас бөглөрөх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
bars@montsame.mn
2017-05-02 10:07:14

ЛОНДОН./BBC/. Тамхи татах нь цусны судсыг хамгаалах үүрэгтэй генийг сулруулдаг ба үүний улмаас судас бөглөрөх эрсдэл нэмэгддэг байна.

Судалгааг явуулсан АНУ-ын эрдэмтдийн “Circulation” сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлд дурдсанаар, бүлэн нөжрөл нь судасны уян чанарыг алдагдуулдаг ба энэ нь зүрхний өвчний шалтгаан болдог байна.

Ийм дүгнэлтийг 140 мянган хүний генетикийн материалыг судалж үзсэний үндсэн дээр хийжээ.
Судалгааг хийсэн эрдэмтдийн нэг болох Пенсильванийн их сургуулийн доцент Даниш Салехин ярихдаа "энэхүү судалгаагаар генд нөлөөлөх нөлөө нь зүрхний цусан хангамж дутагдах/ишеми/ өвчинд хүргэдэг гэдгийг нотлох нэг алхам юм" гэлээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээллээр, тамхи татах нь хавдар, уушигний өвчин, зүрх судасны өвчин зэрэг олон төрлийн архаг өвчин үүсгэх гол хүчин зүйлүүдийн нэг ажээ.

Тус байгууллагын тооцоолсноор, тамхи татсаны улмаас дэлхий даяар жилд 1,6 сая хүн нас барж байна. 

Эрдэмтдийн тооцоолсноор, дэлхий дээр нас барж буй 10 хүн тутмын нэг нь тамхинаас болж нас бардаг ба нас барсан хүмүүсийн тэн хагас нь Орос, АНУ, Хятад, Энэтхэг гэсэн дөрвөн оронд ногддог байна. 

Өнгөрсөн онд Их Британийн Сенгерийн хүрээлэн, АНУ-ын Лос-Аламосын үндэсний лабораторийн эрдэмтэд өдөрт нэг хайрцаг тамхи татахад жилийн хугацаанд уушигны эс бүрт 150 мутац, төвөнх, дуу хоолойн аппаратны эсүүдэд 97, амны хөндийд 23, давсганд 18, элгэнд 6 мутац үүсэхэд хүргэдэг болохыг тогтоожээ.
О.Барс 

 

 

Холбоотой мэдээ