Кларнет хөгжимчин Д.Дармаа соло тоглолтоо толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-05-02 13:05:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Кларнет хөгжимчин, ХБК-ийн багш Д.Дармаагийн "Solo Clarinet" уран бүтээлийн соло тоглолт энэ сарын 4-нд Улсын Филармонийн концертын танхимд болно.

Монголын мэргэжлийн кларнет хөгжимчдөөс анх удаа бие даасан тоглолтоо үзэгч олонд хүргэх гэж буй тэрбээр ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Консерватори төгсөөд эх орондоо ажиллаж буй юм.

Түүний тоглолтын хөтөлбөр тун баялаг бөгөөд өөрөө кларнет хөгжмөөр гоцлохын зэрэгцээ өнөө цагийн шилдэг мэргэжлийн сонгодог хөгжимчидтэй, жазз хамтлагтай хамтарч тоглоно. Мөн Унгарын алдартай кларнет хөгжимчин Бела Ковачийн И.С.Бахад зориулан хүндэтгэж, суут хөгжмийн зохиолчийн стилиэр бичсэн бүтээлийг энгийн бус шийдлээр сонсогчдод хүргэх юм.

Түүнчлэн Ж.Вердийн "Риголетто" дууриас сэдэвлэсэн уран сэтгэмжийг төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэтэй хамтарч тоглохоос гадна Германы хөгжмийн зохиолч К.Веберийн кларнетын квинтетийг утсан хөгжмийн дөрвөлтэй нийлж Монголд анх удаа тоглоно.

Кларнет нь Германы Нюренберг хотоос гаралтай, баваричуудын үндэсний хөгжим бөгөөд симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд багтсан цагаас хойш Европ дахинаа, улмаар дэлхийд тархаж сонгодог үндсэн зэмсэг болжээ. Төрөл зүйл олонтой, өнгө тембр сайтай, тоглох цар хүрээ өргөн, өөрөөр хэлбэл сонгодог, поп, жазз, ардын ямар ч хөгжим тоглож болдгоор онцлог, симфони найрал хөгжимд гоцлол хөгжмөөр нэрлэгддэг зэмсэг билээ.
Ж.Болор
Холбоотой мэдээ