Ле Пен бусдын хэлсэн үгийг зээлдэн хэрэглэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПАРИС./TASS/. Францын Ерөнхийлөгчид нэр дэвшигч “Үндэсний фронт” намын тэргүүн Марин Ле Пен барууны хүчнээс нэр дэвшсэн Франсуа Фийоны хэлсэн үгийн зарим хэсгийг хуулбарлан хэрэглэсэн нь илэрчээ. Үүнийг Францын AFP агентлаг болон бусад мэдээллийн хэрэгслүүд илчилсэн байна.
5 дугаар сарын 1-нд Вильпент хотод Ле Пений хэлсэн үг нь “Бүгд найрамдахчуудын” намаас нэр дэвшигч Франсуа Фийоны 4 дүгээр сарын 15-нд Пюи-ан-Веле хотод /тус улсын нутгийн төв хэсэг/ хэлсэн үгний бүхэл бүтэн хэд хэдэн хэсэгтэй нь бүрэн таарч байгаа нь илэрчээ. Тухайлбал, Францын нутаг дэвсгэрийг зэргэлдээх улсуудтай нэгэн зэрэг холбож, бас тусгаарлаж буй Пиренейн уулс болон Альпын нурууны ач холбогдлын талаар хэлсэн үгийг нь нэгд нэгэнгүй давтан хэлсэн байна.
Мөн Фийоны франц хэлний сүр нөлөөний талаар хэлсэн хэд хэдэн өгүүлбэрийг нь Ле Пен зээлджээ. Гэхдээ эдгээр өгүүлбэрийг хоёр улс төрч өөр өөр утгаар хэрэглэсэн аж. Фийон хэлэхдээ нацизмаас ангид Франц орны ирээдүйн тухай ярьсан бол Ле Пен глобалчлал, лалын үзэл суртлыг сөрсөн Францын ирээдүйн зам мөрийн тухай ярьжээ.
Одоогийн байдлаар, хэд хэдэн радио станц Ле Пен, Фийон нарын хэлсэн үгийн бичлэгийг харьцуулан цацаж байгаа аж.
О.Барс