Олон улсын эрдэмтэд Монголд чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-10-26 18:38:01

“Хижрийн 7-8, нийтийн тооллын XIII-XIV зууны Азийн соёл иргэншлийн үнэт зүйлс-Гэрэгэ /пайз” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 28-29-нд Улаанбаатар хотноо болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Исламын Бүгд Найрамдах Иран улсад айлчлах үедээ Иранд 100 орчим жил оршин тогтнож байсан Монголын Эл хаадын улсын түүхийг хамтран судлах тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын ШУА, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад Хэргийн Яамны Боловсрол, судалгааны төв хамтран энэхүү хурлыг зохион байгуулах юм.

Олон улсын хуралд Исламын Бүгд Найрамдах Ираны улсын эрдэмтдээс гадна Япон, Солонгос, Казахстан, ОХУ, БНХАУ, БНТУ, БНЭУлс зэрэг олон улсын эрдэмтэн, судлаачид оролцоно.

Тус хурлаар XIII-XIV зуунд Азийн соёл иргэншилд монголчуудын дэлгэрүүлсэн Гэрэгэний  нийгэм, улс төр, эдийн засгийн ач холбогдлын тухай хэлэлцэхийн хамт Монголын Иль хаадын явуулж байсан гадаад дотоод бодлого, хойч үедээ үлдээсэн өв, уламжлалын тухай асуудлаар гадаад, дотоодын эрдэмтэн мэргэд цугларан санал дүгнэлтээ дахин шүүн тунгааж, шинэ баримт хэрэглэгдэхүүн, дүгнэлт гаргалгаагаар Иль хант улс, Монголын эзэнт гүрний судалгааны сан хөмрөгийг  улам баяжуулах нь эргэлзээгүй хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Мөн тус олон улсын эрдэм  шинжилгээний хуралд зориулан доктор О.Нямдаваа, зураач С.Чулуунбаатар нарын бүтээл, цуглуулгын “Монгол Иль хаант улс” үзэсгэлэнг Төрийн түүхийн музейд маргааш нээх юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ