Агентлагийн дарга нарыг зургаан жилийн хугацаагаар томилно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-03 14:31:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ 1994 онд Төрийн албаны тухай хуулийг батлан 1995 оны зургадугаар сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ хугацаанд төрийн албаны тогтвортой байдлыг хангах, өөрчлөн шинэчлэхэд ихээхэн анхаарч ирсэн. Цаашдаа улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албаны эрх зүйн үндсийг бэхжүүлэх шаардлагатай хэмээн Д.Тогтохсүрэн гишүүн хуулийн танилуулгадаа дурьдав.

Уг хуулийн төсөл нь 7 хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй аж. Хуулийн төсөлд төрийн алба хашихдаа мэргэшлийн мэдлэг чадвар, ёс зүйгээр тодорхойлогддог болох, улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцох явдлыг таслан зогсоож, төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллах, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарыг зургаан жилийн хугацаагаар томилох зэргийг тусгасан байна. Мөн Төрийн албаны зөвлөл улс төрөөс хараат бус ажиллах, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах зэргийг тусгажээ. Хууль хэрэгжиж эхэлснээр төрийн албан хаагч тогтвортой ажиллах, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар сайжирна хэмээн хууль санаачлагч үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Б.Батзориг, Ж.Батзандан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүд төрийн албыг улс төрөөс хараат бус, бие даасан, мэргэшсэн, тогтвортой  байдлыг хангах нь хуулийн гол зарилга байх ёстой хэмээгээд  ажлын хэсэг гаргаж нухацтай хэлэлцэх шаардлагатай гэлээ. Ийнхүү санал хурраалт явуулахад хуулийн төслийг хэлэлцэхийг 100 хувь дэмжлээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ