Макаотой ялтан шилжүүлэх хэлэлцээр байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-03 16:51:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын "Ялтан шилжүүлэх тухай", “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай" хэлэлцээрийн төслийг тус тус хэлэлцлээ.

Уг хэлэлцээрийн төслийн талаар ХЗДХ-ийн С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр, манай улс БНХАУ-тай эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, “Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. Гэхдээ эдгээр гэрээ нь засаг захиргааны онцгой бүс болох Хонгконг болон Макаод үйлчилдэггүй. Тиймээс монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт ихээр холбогдох болсон Хонгконг, Макаод тусгайлсан хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна” гэлээ.

Хэлэлцээрийн төслүүдтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар асуулт асуув. Гишүүд хэлэлцээрийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын хэдэн иргэн хилийн чанадад ял эдэлж байгааг тодруулав. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Одоогийн байдлаар 14 улсад  Монгол Улсын 172 иргэн ял эдэлж байна. БНХАУ-д 48 иргэн ял эдэлж байгаа бөгөөд 178 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ” гэсэн хариулт өглөө.

Ийнхүү санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Засгийн газарт хэлэлцээр байгуулах эрх олгов.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ