Ахмад сэтгүүлч Ц.Дашдондов "Хангарди" одонгоор энгэрээ мялаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-05-03 17:17:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн гурван үеийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч, ахмад сэтгүүлч Ц.Дашдондовыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнасан юм. Ахмад сэтгүүлч Ц.Дашдондов нийслэлийн дээд одонгоор шагнагдсан хамгийн анхны сэтгүүлч болж байна. Тэрбээр, “Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 26 дахь удаагаа тэмдэглэж байна. Анх Монгол Улсад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулахад хотын дарга С.Батболд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Олон нийтийн радио телевизийн тухай хууль, Мэдээлэл олж авах эрх чөлөөний тухай хуулиудыг батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Одоо манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль 1998 онд батлагдаж байсан. Та бүхэнд хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе” хэмээлээ.

Нийслэлийн удирдлагууд МСНЭ-тэй хамтран шат дараатай олон ажил зохион байгуулж байна. Энэхүү уулзалтаар сэтгүүлчдийн өмнө тулгараад буй асуудлуудыг ярилцан хэрхэн шийдэх талаар шийдэлд хүрэхийг зорьж байгаа юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй хүрэлцэн ирсэн сэтгүүлчид болон хэвлэл мэдээлийн байгууллагын төлөөлөлд баяр хүргээд “Бид нийслэлийн иргэдийг сайн сайхны төлөө хамтран ажиллах ёстой. Нийслэлд хийж бүтээж байгаа маш олон ажил байна. Энэ бүгдийг нийслэлийн иргэдэд үнэн бодитой, түргэн шуурхай хүргэдэг, төр, иргэнийг холбож өгдөг гүүр нь хэвлэл мэдээллийнхэн юм. Хотын хөгжилд иргэн бүрийг татан оролцуулах үйл хэрэгт бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе” гэв.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, “Нийслэлийн шинэ удирдлагууд ажлаа хүлээж авсан даруйдаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөлтэй өргөн бүрэлдэхүүнтэй уулзаж, бүх харьяа газар агентлагуудын удирдлагуудыг танилцуулсан. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд ил тод нээлттэй байхаа хэвлэл мэдээллийнхний өмнө илэрхийлж байсан. Энэ бол маш том соёл, жишиг байсан. Нийслэлээс өөр яам, төрийн захиргааны байгууллага ингэж нээлттэй, харилцан хүндлэлтэй ажиллана гэдгээ илэрхийлж байгаагүй. Нийслэлийн удирдлагууддаа талархсанаа илэрхийлье” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ