Шуурганд төөрсөн малчныг олоогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-04 08:40:46
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 03-нд Дорноговь аймгийн нутгийн төв болон өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурсан. Хүчтэй шуурганы үеэр Сайхандулаан сумын нутагт малдаа хүүхэдтэйгээ хамт явсан малчин шуурганд төөрсөн байж болзошгүй гэх мэдээлэл 18.48 цагийн үед  Онцгой байдлын хэлтэст иржээ.
Дээрх мэдээллийн дагуу сумаас томилогдсон ажлын хэсэг болон аймгийн Онцгой байдлын албаны  хамтарсан зургаан авто машинтай 16 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг малчдыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Энэ оны тавдугаар сарын 04-ний өглөөний 08.50 минутад авсан мэдээллээр малчид олдоогүй байгаа бөгөөд эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Албаны эх сурвалжийн мэдээлснээс үзэхэд  30 гаруй насны том хүн мотоцикл унаж зургаан настай хүүхдээ сундлан явжээ.
Мөн Улаанбадрах сумын нутагт эрчим хүчний шугаманд гэмтэл гарсныг засварлаж байгаа бол Өргөн сумын нутагт өндөр хүчдэлийн шугамын суурь унасныг зассан байна.  Цаг агаарын мэдээллийг үзэхэд өнөөдөр нутгийн урд хэсгээр салхи секундэд 14-16 метр секунд хүрч шуурах бол маргааш мөн цаг агаар тогтворгүй байх төлөвтэй.  
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ