Архангай аймгийн төвийн урд Тамирын голоос 10-аад машин хог түүж, зайлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-04 16:48:29

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас БОАЖГ, УЦУОШГ, ХНБЦГХЗ, Ойн анги, Ус сувгийн Ундарга ХХК-тай хамтран урд Тамирын голын эрэг дагуух хогийг цэвэрлэжээ. Урд Тамирын голын Сангийн толгойн гүүрний дээд өндөр цохионоос уруудуулж Майдар сан хүртэл 10-аад км газрыг цэвэрлэсэн байна.

Цэвэрлэгээний явцад гурав дөрвөн төвлөрсөн хогийн цэг мэт болсон хур хогийг цэвэрлэж нийтдээ 10-аад портер хогийг Тамир голын эргээс холдуулжээ. Ихэнхдээ архи, ундаа, пивоны хагарсан хагараагүй шил, лааз, хүнсний бэлэн бүтээгдэхүүний сав баглаа боодол байсан байна.

Хогийг цэвэрлэсэн дээрх байгууллагуудын ажилтнууд дулааны улирал эхэлж, амралт зугаалга ихсэнэ. Ингэхдээ авч ирсэн аливаа хог хаягдлаа буцаагаад авч явж, байгальд ээлтэй амарч зугаалж байхыг иргэддээ захиж, анхааруулж хэлж байлаа.  

Архангай аймгийн Орхон-Чулуут голын сав газрын захиргаа нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдтай байгуулсан 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Ус үндэсний хөтөлбөр, Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний дагуу ийнхүү гол мөрний эргийн дагуух ахуйн хог хаягдал цэвэрлэх ажлыг хийжээ.
 

Б.Гэрэлт-Од 

Холбоотой мэдээ