Засгийн газар зарим бараа импортлохыг хориглох жагсаалт гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-05 11:38:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Содбилэг байгаль орчинд сөрөг нөлөөтэй, хортой хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулав. Мөн хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлд ямар дэмжлэг өгөх вэ хэмээв. БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол, “2020 он гэхэд хог хаягдлын хэмжээг 40 хувь бууруулахаар ажиллаж байгаа. Улсын хэмжээнд 391 цэгт 2.1 сая тонн хаягдал цугларч, 98 мянга га талбайг бохирдуулсныг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Нэг өрх хоногт ойролцоогоор 450 грамм хог гаргаж байгаа. Нийт хог хаягдлын 50 хувийг дахин боловсруулах боломжтой.Гэвч бид дөнгөж нэг хувийг нь л дахин боловсруулж байгаа юм. Олон улсад хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд ажиллаж байна. Аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэйгээр устгах байгууламж байхгүй. Гурван байршилд Аюултай хог хаядлыг устгах байгууламж барих асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах зэрэг үйл ажиллагаа явуулахад төсвөөс дэмжлэг үзүүлэх, татвараас чөлөөлөх хэрэгтэй гэсэн санал хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал, “Гадны орнуудад гар утас болоод бусад төхөөрөмжийн зайг устгах тусгай хайрцаг зохион бүтээдэг болсон. Гэтэл энэ мэт аюултай хог хаягдал устгах тогтолцоо алга. Тиймээс инноваци нэвтрүүлсэн дэвшилтэт технологиудыг дэмжих хэрэгтэй” гэлээ. Засгийн газар автомашины аккумлятор, хуруу зай зэрэг аюултай хог хаягдал болох барааг импортлохыг хориглох жагсаалт боловсруулахаар ажиллаж байгааг Ажлын хэсэг тайлбарлав.

Ийнхүү байнгын хорооноос ирүүлсэн 45 зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, иргэдэд хог хаягдлын талаар боловсрол олгох, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгах, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлыг ангилан ялгах, зориулалтын савтай байх заалт нэмж тусгах санал олонхын дэмжлэг авлаа. Мөн  Аюултай хог хаягдлыг тээвэрлэхдээ олон улсын гэрээ конвенц, журамд тавигддаг шаардлагыг дагаж мөрдөх, модонд хадаг уях, шашин, зан үйлийн эд зүйлс тавихыг хориглох заалтыг дэмжлээ.

Ийнхүү эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
 
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ