13 сумын Эрүүл мэндийн төв түргэн тусламжийн машинтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-05-05 17:22:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон УИХ-ын зарим гишүүд өнөөдөр Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай аймгуудын зарим сумдын Эрүүл мэндийн төвд нийт 13 түргэн тусламжийн фургон автомашиныг хүлээлгэн өглөө.

УИХ-ын гишүүдийн зүгээс эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, хурдан шуурхай үзүүлэхэд үр өгөөжөө өгөх, туулах чадвар сайтай автомашинуудыг сумдад хүлээлгэн өгч байгаад нь Эрүүл мэндийн сайдад талархал илэрхийлж байв.

Засгийн газраас анх удаа орон нутгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг 60 хувьд нь хийж, 2017 онд 159 түргэн тусламжийн автомашиныг сумдад олгож байгаа билээ.

Хөвсгөл аймгийн Хатгал, Цагааннуур, Шинэ-Идэр, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Булган аймгийн Гурванбулаг, Бүрэгхангай, Хутаг-Өндөр, Хялганат тосгон, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Жаргалант сумын эрүүл мэндийн төв, Архангай аймгийн Булган сумын эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын эрүүл мэндийн төв зэрэг сумын Эрүүл мэндийн төвийн жолооч нарт машиных нь түлхүүрийг гардуулан өгсөн юм.
Ж.Болор
Холбоотой мэдээ