Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2017-05-05 17:46:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийн дагуу 2017 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг энэ сарын 13, 14-нд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа 2017” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүллээ. Гурав хоногийн турш Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон МҮЭСТО/-д болох уг арга хэмжээг БОАЖЯ-наас санаачлан Ойн судалгаа, хөгжлийн төв, нийслэлийн Байгаль орчны газар, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Үзэсгэлэнгийн үеэр мод тарих газар сонгох, хөрс бэлтгэх, арчлах талаар зөвлөгөө өгөх мэдээллийн булан ажиллаж байна. Үзэсгэлэнд төрөл бүрийн мод, цэцэг, жимс, жимсгэнийн тарьц, суулгац, үр зэргээс гадна тэдгээрийг арчлах багаж, хэрэгсэл, бордоо гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа юм.
 
Ж.Болор
Холбоотой мэдээ