“Түүхийн улсын олимпиад”-ын ялагч МУИС-д суралцах эрхтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-05-05 19:11:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайдын тушаал болон “Улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах нийтлэг журам”-д заасны дагуу энэ оны 2 дугаар сараас эхлэн улс даяар зохион байгуулсан “Түүхийн улсын олимпиад”-ын сүүлийн III шатны шалгаруулалт эн сарын 4, 5-нд Улаанбаатар хотноо боллоо.
 
Энэхүү олимпиадыг ГХЯ-наас боловсон хүчний бодлогын хүрээнд түүхийн суурь мэдлэг сайтай, олон улсын харилцааны чиглэлээр суралцах, ажиллах сонирхолтой залуусыг нээж олох, бэлтгэх зорилгоор дэмжин ажиллав.

Тус яамнаас олимпиадад амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн Төв аймгийн Эрдэнэ сумын дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Сэргэлэнбаатарт МУИС-д олон улсын харилцааны чиглэлээр суралцах эрх олголоо.

Мөн энэ үеэр ГХЯ болон Түүхийн олимпиадыг зохион байгуулах Дэд хорооны хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав. Энэхүү санамж бичигт монголын түүх, соёлыг гадаадад сурталчлах, хилийн чанад дахь монгол хүүхдүүдэд монгол хэл, соёлыг өвлүүлэх, тэдгээр хүүхдүүд болон Монголыг судлахаар зорьж буй гадаад оюутнуудын дунд түүхийн олимпиадыг зохион байгуулах, дэлхийн болон эх орныхоо түүхийн өндөр мэдлэгтэй олон улсын харилцааны мэргэжилтэн, дипломат ажилтан бэлтгэх  чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.

Ж.Болор
Холбоотой мэдээ