Богд хааны ордон музейн 70 гаруй шувууны чихмэлийг сэргээн засварлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-05-06 17:49:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богд хааны oрдон музей болон ХБНГУ-ын Гөрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд тус музейд хадгалагдаж буй шувууны чихмэлийг сэргээн засварлажээ.

Энэ ажлын хүрээнд ХБНГУ-ын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн сэргээн засварлагч Х.Маргит болон Г.Диана нартай хамтран Богд хааны ордон музей, Байгалийн түүхийн музейн мэргэжилтнүүд музейн 70 гаруй шувууны чихмэл цуглуулгыг сэргээн засварлах дадлага сургалтын ажлыг гүйцэтгэсэн байна.

Одоогоор Богд хааны oрдон музейд нийт 70 гаруй шувууны чихмэл хадгалагддаг бөгөөд Богд хааны чихмэл амьтны цуглуулгын нэгээхэн хэсэг юм. Уг цуглуулга нь 1901 онд Богд хааны захиалгаар Герман улсын Гамбург хотод хийгдсэн бөгөөд Монгол оронд амьдардаггүй дэлхийн олон тивийн сонирхолтой амьтдын чихмэлийг багтааснаараа  онцлогтой. 

Танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой энэхүү цуглуулга нь Богд хааны ордон музейн өвлийн ордонд дэглэн үзэгчдийн хүртээл болж байна. 

Герман мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу хамтын ажиллагааны үр дүнд тулгуурлан энэхүү шувууны чихмэлүүдээр каталог гаргахаар төлөвлөжээ.
 
Ж.Болор
Холбоотой мэдээ