Польшийн алдартай найруулагчийн бүтээл кино театруудад гарч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-05-09 16:22:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Польшийн алдарт найруулагч Кжиштоф Зануссигийн кино өдрүүд энэ сарын 08-11-нд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

Дэлхийд өөрийн уран бүтээлийн өнгө төрхөөр ялгарч алдарт хүрсэн энэхүү найруулагчийн “Гадны биет”/2014/ бүтээл өчигдөр ICinema кино театрт Монголын киноны уран бүтээлч, сонирхогчдын хүртээл болов.

Дэлхийн шилдэг найруулагч К.Занусси кино, театр, телевизийн найруулагч, зохиолч, продюссер мэргэжилтэй бөгөөд 1980 оноос одоог хүртэл уран бүтээлийн “Тор” нэгдлийн захирлаар ажиллаж байна.

Лодзь хотын Киноны дээд сургууль, Их Британы National Film School, Columbian, Канн, Венеци, Торонто, Москва, Монреаль, Берлин, Чикаго  зэрэг хотын кино наадмын шагналт тэрээр 1969 онд “Болорын бүтэц” уран сайхны кино хийж уран бүтээлээ эхэлсэн. Өдгөө 11 телевизийн кино, 27 уран сайхны кино, мөн тооны жүжиг дуурь найруулаад байна.

Кино өдрүүдийн хүрээнд түүний “Гадны биет”, “Амиа аврах арга”, “Персона нон грата”, “Бидний бурханы дүү”, “Амийг амиар” зэрэг кино үзэгчдийн хүртээл болно. Тэрээр энэ үеэр Монголын уран бүтээлчидтэй уулзаж санал бодлоо солилцож байгаа юм.
Ж.Болор
Холбоотой мэдээ