Кубын Аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-09 17:43:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНКУ-ын Холгын хотноо 2017 оны 5 дугаар сарын 3-наас 6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “FitCuba XXXVII” Кубын аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн яармагийн нээлтэд Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Ц.Батбаяр, атташе Э.Батмөнх нар оролцон,  Кубын Аялал жуулчлалын сайд Мануэл Марреро Крузийн удирдан явуулсан аялал жуулчлалын үзэсгэлэн яармагийн танилцуулах семинарт сууж, үзэсгэлэн яармагтай танилцав.
 
“FitCuba XXXVII” Гавана хотоос 680 км-ийн зайд байрлах Кубын түүхэн дурсгалт Холгын хотод зохион байгуулагдсан нь онцлогтой бөгөөд орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүгээр дамжуулан бусад салбарт хөрөнгө оруулалт хийх эрмэлзлэлийг харуулж байв. Куба улс өнгөрсөн 2016 онд 4 сая жуулчин хүлээн авснаас Канадын жуулчид 34 хувьтайгаар тэргүүлжээ. Энэ удаагийн үзэсгэлэн яармагийн хүндэт зочин орноор Холбооны Бүгд Найрамдах Герман улс оролцов.
 
Мөн Куба улс 2030 он хүртэл явуулах хөгжлийн хөтөлбөртөө аялал жуулчлалын салбарыг илүү онцолж, 110 орчим төсөл зарлаад байгаа аж. Үүний зэрэгцээ тус салбар дахь хувийн хэвшлийг дэмжин ажиллаж, одоогоор Кубад 21 мянган хувийн гэр буудал, 2 мянган зоогийн газрын зөвшөөрлийг хувь хүмүүст олгоод байгаа юм.
 
Куба улс 2017 оны 5 дугаар сарын эхээр 2 сая дахь жуулчнаа хүлээн авсан ба өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 15 хувиар нэмэгдсэн байна.
Холбоотой мэдээ