Иргэдэд олгох эзэмшлийн газар Арвайхээр хотод байхгүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-10 08:52:23
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Арвайхээр хотын хуучин бүс буюу одоо оршиж буй төвийн “А” зэрэглэлд иргэдэд олгох газар байхгүйн улмаас иргэдийн өргөдлийг шийдвэрлэж чадахгүй байна хэмээн аймгийн Засаг дарга Г.Ганболд ИТХ-ын үеэр хэллээ.
2015-2017 оны байдлаар аймгийн Засаг дарга болон ГХБХБГ-т гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар инженерийн шугам сүлжээ бүхий газар олгохыг хүссэн 95 өргөдөл ирснээс 22 иргэний өргөдлийг, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших 32 өргөдөл ирснээс 13 иргэний өргөдлийг тус тус шийдвэрлэжээ.
Холбогдох албанаас Арвайхээр хотын инженерийн шугам сүлжээ бүхий газрын нөөц чадавхийг бүрэн ашиглах зорилгоор эрэл хайгуул явуулж, Өнөр хорооллын замын баруун талын 0.4 га, баруун дөрвөн замын хойд, Төв захын баруун хэсэг болох 0,5 га газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшил ашиглалтад олгох боломжтой хэмээн үзсэн байна. Уг асуудлыг аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Харин газрыг олгохдоо цэвэр усны 310 метр шугамыг зөөх шаардлагатай ба үүнийг газар эзэмших эрх авсан субьектийн хөрөнгөөр гүйцэтгэх аж.
Тухайн газрыг ямар шалтгаанаар олгохгүй байсаар өнөөдрийг хүрсэн тухай төлөөлөгчийн асуултанд  аймгийн Засаг дарга “Дэлгэрэх голын сав газраас ундны усаар тэтгэгддэг байхад цэвэр усны нөөцийн худгууд тэр хэсэгт байсан. Цэвэр усны хамгаалалтын бүс байсан учраас олгогдохгүй явж ирсэн. Одоо бол цэвэр усаа Онги голын бүсээс авч байна. Гэхдээ тэр газрыг заавал хэн нэгэнд эзэмшүүлэх гээд байгаа юм биш. Хурлаар чөлөөтэй хэлэлцүүлж, санал авах гэсэн юм” хэмээлээ.
Дашрамд дурдахад Арвайхээр хот нь 4907,1 га газартай бөгөөд энэ нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 0,07 хувийг эзэлдэг. Үүнээс суурьшсан хэсгийн талбай 2500-н га юм. Хотын тэг гортигийг 1981 онд АИХ-ын тогтоолоор баталж байжээ. Арвайхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэсэн ба 2013 онд шинэ Арвайхээр төвийн орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулан баталсан байна. Хуралдаанаар уг хэсэгт амины орон сууцны хороолол байгуулах талаар хэлэлцэж баталсан юм.  Иргэд нийтийн орон сууцнаас илүү орчин нөхцөл сайтай амины орон сууцанд амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа учраас уг шийдвэрийг гаргаад байна.
2016 оны байдлаар Арвайхээр хотын хэмжээнд нийт 6866 өмчлөгчийн 374,6 га газрын өмчлөх эрх баталгаажсан байна. Үүнээс 4784 иргэн газар өмчилсөн бол 448 иргэн гэр бүлийн хэрэгцээнд 77,1 га газар эзэмшиж байна. Хотын хэмжээнд улсын тусгай хэрэгцээний газар 27 га байгаа аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ