"Сум хөгжүүлэх сан"-гийн зээлд хамрагдах эцсийн шатны шалгаруулалт эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-11 08:42:49
Дархан-Уул / МОНЦАМЭ / Тус аймгийн Дархан сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээлд энэ онд хамрагдахаар нийт 83 иргэн, байгууллага төсөл ирүүлжээ. “Төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл” ажлын найман хэсэгт хуваагдаж төсөл нэг бүрд баримт бичгийн бүрдүүлэлт нь шаардлага хангасан эсэхийг нягтлах эцсийн шалгаруулалтыг хийж эхэллээ.
Мөн төсөл ирүүлсэн аж ахуй нэгж, иргэдийн ажлын байранд нь очиж зээлийн судалгаа хийдэг бол харин эцсийн шатны шалгаруулалтад зээл хүсэгч биечлэн оролцож төслөө хамгаалах юм.
“Өмнөх жилүүдэд барилгын үйлдвэрлэл, оёдол, хүнсний ногоо тариалалт зэрэг төслүүдийг илүү дэмжиж байсан бол харин энэ жилээс иргэдийн бодит эрэлт хэрэгцээнд тулгуурласан тэргүүлэх чиглэлүүдийг баталсаныг иргэд сайшааж байна. Тухайлбал: алслагдсан гэр хорооллын багуудад халуун усны газар байгуулах, үсчин, гуталчин зэрэг ахуйн үйлчилгээний чиглэлээр ажиллах төслүүдийг тэргүүлэх чиглэлд шинээр нэмж оруулсан. Энэ удаа хувь иргэд төслөө хамгаалж ярилцлагад орж байгаа бол маргааш 11-ны баасан гарагт хуулийн этгээд төслөө хамгаална. Шалгаруулалтын төгсгөлд журамд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан төслүүдийг дэмжинэ” гэж тус сумын Засаг даргын орлогч н.Батбаяр ярилаа.
Мөн энэ жил өмнөх оны зээлийн эргэн төлөлтийн санхүүжилтээр 20-30 төслийг санхүүжүүлж иргэнд найм, аж ахуй нэгжид 15 сая хүртэлх төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгох юм байна.
                                                                                                      Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ