Москвад “BRICS”-ын оюутны чуулган болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
aminaa@montsame.mn
2015-10-27 15:21:03

МОСКВА. /Sputnik/. Аравдугаар сарын 26-28-ны хооронд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Москвагийн их сургууль, Оросын ард түмнүүдийн найрамдлын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургууль “BRICS” дэлхийн их сургуулийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байна.

Чуулга уулзалтад “BRICS” буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсын сайд нар, томоохон их, дээд сургуулийн ректорууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, эрдэм шинжилгээ-судалгааны төвүүдийн дарга нар оролцож байна.

Анх удаа “BRICS”-ын боловсролын чуулга уулзалтад ийм олон их сургууль оролцох гэж байна. Бразилын 18 их сургуулиас 33, Энэтхэгийн 17 их сургуулиас 33, Хятадын 13 их, дээд сургуулиас 26, Өмнөд Африкийн 8 их сургуулиас 25 төлөөлөгч тус тус оролцох юм. Зохион байгуулагч орон Оросын 69 их сургуулийн төлөөлөгч оролцож байна.

Оролцогчид боловсролын асуудлаа хэлэлцэх төдийгүй уулзалтыг зохион байгуулагч Оросын төлөвлөсөн харилцан худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, шинэ хөгжлийн банкны хэтийн төлөв, терроризм, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, инноваци, мэдээллийн технологи, сансар судлал, эм зүй гэх мэт өргөн сэдвээр санаа бодлоо солилцоно.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ