Дугуйгаа 5000-10000 төгрөгөөр засуулж болох нь

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-10-28 15:48:17

Улаанбаатар хотын төвд дугуй хагарах, хий нь гарах үед  тэр дор нь утсаар дуудлага өгч засуулах боломжтой болсон тухай дуулдлаа. Уг шинэ үйлчилгээг эхлүүлсэн "Бат сервис" компанийн захирал Г.Батболдоос тодруулав.

-Чухал шинэ үйлчилгээг хэзээнээс нэвтрүүлэв?

- Дуудлагын засварын үйлчилгээ хийе гэж эртнээс төлөвлөсөн. Үйлчилгээгээ эхлээд 7 хонож байна.

- Түгжрэлтэй үед хол явахгүй, захын засварын газар руу чирэгдэл үүсгэхгүй амар болжээ?

- Саяын цаснаар дугуй засуулах гэсэн захиалга маш ихээр ирлээ. Одоогоор дуудлагад яваа ганц машин хүрэлцэхгүй болж байна. Төвийн таван дүүрэг тус бүрт таван машин наад зах нь бэлэн байлгахгүй бол болохгүй юм байна. Зуны дугуйгаа их солиулж байна. Бүр дөрвөн дугуйгаа зэрэг солиулах ч явдал их байна. Өдөрт дунджаар 15 дуудлага, захиалга бол хоногийн турш ирж байгаа.

- Ямар үнэтэй үйлчилгээ хийж байна?

- Жижиг машины нэг дугуй солиход 5000 төгрөг. Том оврын болон жийп, хүнд даацын машиных 10.000 төгрөг. Бас хотын төв, захын байрлалыг бүсчлэн ялгаж үнэлгээ тогтоох хэрэгтэй байна. Таван шараас Офицер, 32-ын тойргоос 120 хүртэлх тойрогт өглөөний 08-22.00 цаг хүртэл 5000 төгрөг, оройн 22-08.00 цагийн хооронд бол 10.000 төгрөг гэх жишээтэй. Үүн дээр үйлчилгээний хөлс нэмэгдэнэ. Мөн азотын хий хийж өгөхөд том оврын машинд 4000 төгрөг, жижиг машинд 3000 төгрөг, балансыг тохируулахад 8000 төгрөг...гээд ханштай байгаа.

- Өөр үйлчилгээ үзүүлэх боломж байгаа юу?

- Ганц дугуй биш, сэлбэг хэрэгсэл аваачиж өгөх, машиныг бүтнээр чирэх, ачих, аккумлятор өгөх, цэнэглэх гээд төрөл зүйл нь нэмэгдсэн. Өвлийн үед машин нь унтраад асахгүй байгаа тохиолдолд асаах ч хэрэг гарах байх. Бид бүх үйлчилгээг хийж өгнө.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ