Нийслэлийн нохдыг бүртгэлжүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мал эмнэлгийн газар хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх, үржлийг хязгаарлах ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ноос хэрэгжүүлж эхэлсэн.
Чингэлтэй дүүргийн 12, 13, 15, 16, 17, 18, 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 9, 12, 13, 14, 16, 17 дугаар хорооны гэр хорооллын нохойг бүртгэж, гэрчилгээ, хүзүүвч, пайз олгох, галзуугаас сэргийлэх вакцин тарих, цагаан хорхойн туулгалт өгөх, байр тоног хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж иргэдэд зөвлөгөө өгөх зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний “Содхан” ХХК-ийн мал эмнэлгээс 6 баг 8700 нохой, Сүхбаатар дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний “Овоот гол” ХХК-ийн мал эмнэлгээс 4 баг 6300 нохой, нийт 8 баг, 15000 эзэнтэй нохойг бүртгэж, тэдгээрт мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын нохойд эрүүл мэндийн үзлэг хийх, бүртгэж, гэрчилгээ, хүзүүвч, пайз олгох, галзуугаас сэргийлэх вакцин тарих, цагаан хорхойн туулгалт өгөх, байр тоног хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийх ажлын гүйцэтгэл 65.9 хувьтай байна.
Ж.Батсайхан