Иргэдийг санхүүгийн залилан, мэхлэлтээс сэргийлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-10-28 17:39:39

Монголбанк санхүүгийн зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр боллоо.

 Эл хөтөлбөр нь 2016-2021 онд хоёр үе шаттай хэрэгжих юм байна.  Эхний үе шат нь 2016-2019 он, хоёр дахь үе нь  2019-2021 он хүртэл хэрэгжих аж.

Иргэдийн санхүүгийн мэдлэг сайжирснаар эдийн засгийн бодит өсөлт болон ядуурлыг бууруулахад чухал нөлөөтэй хэмээн дүгнэж байна. Түүнчлэн санхүүгийн бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэх, санхүүгийн залилан, мэхлэлтээс сэргийлэх,  иргэдийн хадгаламж нэмэгдэж, өр багасах, хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн тоо өсөх эерэг талтай гэдгийг төсөл боловсруулагчид хэлж байна.

 Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар манай улсын хүн амын дийлэнх нь санхүүгийн бүтээгдэхүүний талаар мэдээлэлтэй, энгийн тооцон бодох үйлдлүүдийг сайтар мэдэж байсан ч ирээдүйд хийх хөрөнгө оруулалт, хадгаламж зэрэг санхүүгийн шийдвэрийн талаар ойлголт багатай хэмээн гарчээ.

Монголбанк дээрх хөтөлбөрийг Сангийн яам, Боловсрол,соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Монголын даатгагчдын холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоод, их дээд сургуулиудтай хамтран Дэлхийн банкны тусламжтайгаар удаа дараагийн уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд боловсруулжээ.

 Уг хөтөлбөрт Ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн  хичээлээр  дамжуулан санхүүгийн талаарх мэдлэг ойлголт өгөх юм байна. 

 Б.Заяа

Холбоотой мэдээ