“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Монголд хэрэгжүүлэх эцсийн шийдвэр гарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-05-25 11:17:44
ВАШИНГТОН./IMF/.Монголын эдийн засгийг шинэчлэх хөтөлбөрийг дэмжих зорилго бүхий “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” –ийг ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн шийдвэрийг Олон улсын валютын сангийн /ОУВС/ Захирлуудын зөвлөл өчигдөр гаргажээ.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулахад туслах зорилгоор ОУВС-гаас гадна Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон болон БНСУ зэрэг хандивлагч орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагууд нийтдээ  5.5 тэрбум долларын санхүүжилт олгох юм.

ОУВС Монголд дангаараа 434.3 сая долларын зээл олгоно. Мөн БНХАУ-ын Ардын банк валют солилцооны шугамаа өргөтгөн Монголд 15 тэрбум юань буюу 2.19 тэрбум доллар олгоно.  “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” –ийг хэрэгжүүлж эхлэхийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөл зөвшөөрсөн учир одоо Монгол Улс 434.3 сая долларын эхний хэсэг болох 38.6 сая долларыг ойрын хугацаанд авах боломжтой боллоо.
 
Энэхүү хөтөлбөр нь Монголын эдийн засгийг тогтворжуулж, эдийн засагт итгэх итгэлийг сэргээж, эдийн засгийн шинэчлэл хийх замыг тавих зорилготой юм.

Мөн энэ хөтөлбөр нь дотоодын санхүүгийн зах зээлд ирж буй дарамтыг багасгах, гадаад байр суурийг тогтворжуулах болон өрийн тогтвортой байдлыг сэргээх зорилготой билээ.

Хөтөлбөрийн өөр нэгэн зорилго бол банкны тогтолцоог шинэчлэх, Монголбанкийг бэхжүүлэхийн тулд иж бүрэн арга хэмжээ авах явдал юм. Хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшилд тулгуурлан эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор бүтцийн иж бүрэн шинэчлэл хийхийг зорьж байна.
 
ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хэлэлцүүлгийн дараа тус сангийн дэд захирал бөгөөд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч ноён Мицүхиро Фүрүсава дараах мэдэгдлийг хийлээ.
/ОУВС-гийн дэд захирал Мицүхиро Фүрүсава/ 

Тэрбээр хэлэхдээ “дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ эрс буурч, экспортоос олох орлого багассан нь Монголд хүнд цохилт болсон. Тус улсын Засгийн газар зах зээлийг тэлэх бодлого хэрэгжүүлэх замаар санхүүгийн хүндрэлийг даван туулах хүчин чармайлт гаргасан боловч амжилт олоогүй. Улмаар тус улсын өрийн тогтвортой байдал алдагдаж, гадаад валютын нөөц буурч, эдийн засгийн өсөлт эрс буурсан. Үүнтэй холбоотойгоор Монголын эрх баригчид одоо макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг сэргээх замыг засах, хямралын үед хамгийн эмзэг давхаргынхныг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Зайлшгүй шаардлагатай бус зардлыг танах, татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмж ба төрийн санхүүгийн менежментийн шинэчлэл хийх, нийгмийн хамгааллын сүлжээг илүү сайжруулан бэхжүүлэх зэргээр төсвийн сахилга батыг хангах нь энэ хөтөлбөрийн нэгэн чухал хэсэг юм. Санхүүгийн багц шинэчлэл нь төсвийн сахилга батыг хангахад тусална.

Төвбанкны тухай шинэ хууль нь Монголбанкны засаглал болон бие даасан байдлыг бэхжүүлэх зорилготой. Түүнчлэн, уг хөтөлбөрийн хүрээнд банкны тогтолцоог сэргээж, хяналтын болон эрх зүйн орчинг сайжруулж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх иж бүрэн стратегийг хэрэгжүүлнэ. Тогтвортой бөгөөд бүх хүнд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангахын тулд бүтцийн шинэчлэл хийх төлөвлөгөө мөн уг хөтөлбөрт багтсан. Эдгээр шинэчлэл нь бүгд  бизнесийн орчинг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих зорилготой юм. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд эдгээр шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь маш чухал" гэв.

/http://www.imf.org/en/News/Articles/2017/05/24/17193-imf-executive-board-approves-financial-arrangement-for-mongolia/
 
Г.Доржханд 

Холбоотой мэдээ