Зуслангууд ирэх сарын 10-наас үйл ажиллагаагаа эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-05-25 13:06:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2016 онд нийслэлд нийт 19 зуслан үйл ажиллагаа явуулж, 16 мянга 540 хүүхэд амарсан. Энэ онд 27 зуслан үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл авах мэдэгдлээ ирүүлсэн гэж өнөөдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.

Монголын Үндэсний зуслангуудын холбооны тэргүүн Б.Ангараг, “Зуслан бол албан бус боловсролын төв учир амарч байгаа хүүхдэд амьдралын ухаан, цэрэг иргэний, нөхөн үржихүйн зэрэг танхимаар заадаггүй боловсролыг олгох нь зүйтэй гэж үзэн шат шатны сургалт зохион байгуулж эхлээд байна. Зуслан бүр өөр өөрийн онцлогт тохирсон хүүхэд хөгжлийн хөтөлбөртэй ажиллана. Зуслангуудын эрүүл аюулгүй ажиллах стандартын дагуу зуслан эхлэх, дунд, дуусах үед шалгалт явуулдаг. Зусланд ажиллах багш нарт Монголын Үндэсний зуслангуудын холбоо, Нийслэлийн Гэр бүл хөгжлийн газраас  сургалт явуулж сертификат олгодог” гэв.

Нийслэлийн Засаг даргын тавдугаар сарын 19-ний өдрийн “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд зургадугаар сарын 5-8-ныг хүртэл хүүхдийн зуслангуудад хяналт шалгалт хийж, шаардлага хангасанд нь үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл олгох юм. Хяналт шалгалтыг нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар гурван ажлын хэсэгт хуваагдан зохион байгуулна.

Хүүхдийн зуслангууд ирэх сарын 1-10-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйл ажиллагаагаа танилцуулах, эрхийн бичиг борлуулах аж.

Мөн шилдэг зуслан шалгаруулах болзолт уралдаан зарласан бөгөөд ирэх наймдугаар сарын 15-нд “Хүүхдийн шилдэг хөгжлийн хөтөлбөртэй зуслан”, “Шилдэг маркетинг менежменттэй зуслан”, “Хөрөнгө оруулалт засвар үйлчилгээ сайн хийсэн зуслан”,  “Хүүхэд гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлсэн зуслан”-г тус тус шалгаруулах аж. Өнгөрсөн онд “Нарс” зуслан шилдгээр шалгарчээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Холбоотой мэдээ