Сэлэнгэ аймгийн уяачид зөвлөлдөж уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-25 15:34:21
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-нд Сэлэнгэ аймгийн уяачид “Аймгийн уяачдын сургалт, зөвлөгөөн-2017” арга хэмжээг зохион байгуулж оролцогчдоос нэгдсэн уриалга гаргалаа.
Уриалгад, “Монгол түмний үндэсний өв, соёл болсон хурдан морио уяж сойх, уралдуулахдаа Монголын морин спорт уяачдын холбооны болон аймаг, сумынхаа морин спорт уяачдын холбооны бодлого шийдвэрийг чанд сахиж, уяачдын нэр хүнд, эр хүний ёс жудгийг эрхэмлэн, унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалж, төрт ёсны их баяр наадамдаа түмэн олноо хүндэтгэн наадаж, Монгол уяачийн тангарагаа дээдлэн нийгэмдээ сайны үлгэрлэл болж явахыг аймгийнхаа нийт уяачдад хандан уриалж байна” гэжээ.
Энэ удаагийн зөвлөгөөн зун цагийн баяр наадмын өдрүүд эхлэхийн өмнөхөн хүлэг морьдоо сойж эхэлсэн цаг үед болж буйгаараа онцлогтой байлаа. Зохион байгуулагчдын зүгээс уяачиддаа шинэ мэдлэг мэдээлэл өгөх, амжилт гаргасан алдартнуудын туршлагаас хуваалцахыг гол зорилгоо болгосон байв. Зөвлөгөөний нээлтэд аймгийн Засаг дарга Ш.Оргил оролцож улс, бүс, аймгийн наадмаас олон арван айраг, түрүү авч Сэлэнгэ түмнээ баясгахыг уяач нөхдөдөө хүсч, мэндчилгээ дэвшүүлсэн.
Тус зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайдын зөвлөх, гавьяат мал зүйч, профессор, ММСУХ-ны тэргүүлэгч Д.Самданжамц “Монгол адууны өнөөгийн байдал, цаашид үржүүлэх чиглэл”, “Монгол ВИ И ТИ НЕТ” ТББ-ын малын их эмч Б.Наранхүү “Адуунд тохиолддог эмгэг, арчилгаа, маллагаа”, Монгол Улсын тод манлай уяач Б.Билэгдэмбэрэл “Хурдан морины уяа, үржүүлэг”, Монгол Улсын тод манлай уяач А.Батсүх “Хурдан морины уяа сойлго”, лектор Ч.Ганчулуун “Хүний үнэ цэнэ” сэдвээр тус тус мэдээлэл өгч, харилцан ярилцаж,  уяачдын сонирхсон асуултад хариулав. Г.Бямбаа даргатай Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” Морин спорт, уяачдын холбооныхон аймгийнхаа 17 сумын уяачдын төлөөллийг бүрэн хамруулж, уяачдынхаа сургалт зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Ч.Отгонцэцэг
 
Холбоотой мэдээ