Алслагдсан өрхийн иргэдэд явуулын үйлчилгээ хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-25 15:37:22
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ЗДТГ-ын брэнд болгож чадсан уламжлалт ажлын нэг бол явуулын иргэний танхимаар алслагдсан өрхийн иргэддээ хүрч үйлчилдэг болсон явдал.
Тавдугаар сарын 26-нд сумынхаа Жаргалант булаг, Наран, Хөхий, Бяцхан ус, Цээл, Хужирт, Өвөр нарийн зэрэг газарт зусаж байгаа малчидаа Замын булаг хэмээх газарт төвлөрүүлэн явуулын иргэний танхимын үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна. Сумын ЗДТГ-аас зохион байгуулдаг явуулын иргэний танхимын үйлчилгээгээр малчдад шинээр батлагдсан болон нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомжуудын талаар мэдээлэл хүргэдэг  аж.
Энэхүү ажилд сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасаг, Төрийн захиргаа, хууль эрх зүй дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн, иргэний бүртгэл, халамжийн мэргэжилтэн, татварын байцаагч, нийгмийн даатгалын байцаагч, хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн, газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож хариуцсан ажил, салбарын мэдээлэл хүргэж, малчдад хэрэгтэй асуудлыг газар дээр нь шийдвэрлэдэгээрээ онцлогтой. Мөн энэ үеэр сумын соёлын төвөөс явуулын номын сан ажиллуулж, караоке дууны тэмцээн зохион байгуулдаг аж.
 Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ