Монголд агаарын бохирдлын улмаас 100 мянган хүн тутмын 132 нь амиа алдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-05-25 16:29:57
СӨҮЛ. /Yonhap/. Монголд агаарын бохирдлын улмаас 100 мянган хүн тутмын 132 нь амиа алдаж байгааг ДЭМБ-аас гаргасан статистик мэдээ харууллаа.

ДЭМБ өнөөдөр “Дэлхийн эрүүл мэндийн статистик-2017” статистик тайлангаа гаргасан байна.

Уг тайлангаас үзвэл, агаарын бохирдлын улмаас амиа алдсан хүмүүсийн тоогоор Умард Солонгос дэлхийд "толгой цохиж" байна. Тус улсад агаарын бохирдлын улмаас 100 мянган хүн тутмын 238 нь цаг бусаар хорвоог орхиж байна. Энэ нь дэлхийн дунджаас 2.6 гаруй дахин өндөр, Өмнөд Солонгосынхоос 10 гаруй дахин өндөр үзүүлэлт аж.

Харин Хятад улсад 100 мянган хүн тутмын 161 нь агаарын бохирдлын улмаас амиа алдаж байна.

Гишүүн 194 улс  орны ард иргэдийн эрүүл мэндийн байдлын талаарх тайланг ДЭМБ жил тутам гаргадаг юм.

Тус байгууллагын мэдэгдсэнээр, дэлхийн хэмжээнд 3 тэрбум орчим хүн гэр орноо дулаацуулж, хоол цайгаа хийхийн тулд нүүрс, мод түлж байна. Үүний улмаас гэр доторх агаарын чанар муудаж, хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байна.

Агаарын бохирдол зүрх судасны өвчин, уушигны архаг бөглөрөлт,  амьсгалын замын өвчин болон уушигны хорт хавдар үүсгэдэг.
Г.Доржханд
 


Холбоотой мэдээ