"Соёлын ажилтан" хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-26 15:14:22
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлд хэрэгжүүлэхээр тусгасан "Соёлын ажилтан" дэд хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа буюу тус хөтөлбөрийг соёлын ажилтнуудад албан ёсоор хүлээлгэж өгөх ёслол Баганат талбайд боллоо. Арга хэмжээнд Баянхонгор аймгийн БСУГ-ын албан хаагчид, ХДТ, хүүхдийн Тэмүжин театрын уран бүтээлчид, Нийтийн номын сан, Музейн хамт олон болон төр захиргааны байгууллагын төлөөллүүд оролцов.

Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэлэхдээ, "Соёлын ажилтан гэдэг нэр хүндийг өргөж, Баянхонгор аймгийн соёл урлагийн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэн, нэг шинэ шат ахиулах боломжийг  энэ хөтөлбөрөөр дамжуулан та бүхэнд олгож байна. Төр засгийн зүгээс бололцоотой бүх талаар дэмжих ажиллана" гэдгээ онцоллоо. Мөн үеэр Баянхонгорын уран бүтээлчид өөрсдийгөө хөгжүүлэх, үнэмлэмжээ өсгөх, бүтээлээ туурвих томоохон боломжийг энэ хөтөлбөрөөр дамжуулан олж авсандаа баяртай байгаагаа хэлж байв.

Баянхонгор аймагт соёл урлагийн 23 байгууллагад 240 орчим албан хаагч ажиллаж байна. Тус салбарт салбарт ажиллаж буй албан хаагчдын мэргэжилтэй ажилтны хангамж 48.1 хувьтай байдаг аж. Соёл урлагийн талаар төрөөс баримталж буй бодлогыг орон нутгийн түвшинд системтэйгээр хэрэгжүүлэн соёлын ажилтны чадавхийг дээшлүүлсэнээр тогтсон үйлчилгээ, шинэлэг бүтээлүүдийг бий болгож, соёл урлагийн салбарын үнэ цэнэ өсөхийг албаныхан хэлж байсан.
"Соёлын ажилтан" хөтөлбөр нь 4 зорилт, 20 үйл ажиллагаатайгаар 2017-2020 оны хооронд хэрэгжинэ.

                                                                                                                               Б.Мөнхзул

Холбоотой мэдээ