Нам, эвслийн бүлгүүд төсвийн тодотголтой холбоотой санал дүгнэлтээ танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-28 21:13:48

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан ч ажлын цаг дууссан тул маргааш өглөө үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж, өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Чуулганы хуралдаан хаахын өмнө УИХ дахь нам, эвслийн бүлгүүд төсвийн тодотголтой холбогдуулан санал, дүгнэлтээ танилцуулав.

АН-ын бүлэг цалин бууруулахыг дэмжинэ

УИХ дахь АН-ын бүлгийн санал дүгнэлтийг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар танилцууллаа. Тэрбээр, 2015 оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн 2015 оны төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс буурахаар байгаа нь төсвийг дахин тодотгох шаардлага үүсгэсэн.

Үүссэн нөхцөл байдалтай уялдан төсөв, мөнгөний хумих бодлогоор төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөллөх, инфляцийг бууруулах замаар макро эдийн засгийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлэх нь Дэлхийн банк болон Олон Улсын Валютын сангаас өгч буй зөвлөмжтэй нийцэж байгаа юм. Монгол Улсын төсөв, эдийн засаг дэлхийн зах зээл дээрх эрдэс түүхий эдийн үнийн мөчлөг, уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн салбараас хэт хамааралтай байна. Сүүлийн 5 жилийн дунджаар экспортын 90 гаруй хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь зөвхөн уул уурхайн салбарт ногдож байгаа.

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын хамаарлыг бууруулах зорилгоор Ардчилсан нам 2012 оноос эхлэн үйлдвэрлэлийг дэмжих олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд монголчууд импортын хараат байдлаа алхам алхмаар халж байна. Монгол Улсын 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 900 гаруй тэрбум төгрөгөөр буурахаар байна. Иймд 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцож, баталсан хэмжээг бууруулах, үүнтэй уялдуулан урсгал болон хөрөнгийн зардлыг бууруулах замаар төсвийг тэнцвэржүүлэх шаардлага үүссэн. Төсвийн орлого буурахад нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвар, өмч хувьчлал, газрын тос, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын бууралт голлох нөлөөг үзүүлсэн байна.

2015 оны улсын төсөвт дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 6,354.7 ам.доллар байхаар тооцсон. Гэвч энэ оны эхний 8 сарын байдлаар зэсийн 5,768.5 ам.долларт хэлбэлзэж, төлөвлөснөөс 586.2 ам.доллараар буурчээ. Нүүрсний экспортын хэмжээ энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 13.7 сая тонн хүрч, төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй байна. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалж төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого буурахаар байна.

Засгийн газар хөөстэй тооноосоо татгалзаж орлого, зарлагыг бодитой тооцон 2015 оны нэгдсэн төсвийн алдагдлыг ДНБ-ий 5 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцсоныг манай намын бүлэг дэмжсэн.

Сангийн яам төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлийг харгалзан үзэж урсгал зардлыг 43.9 тэрбум төгрөгөөр бууруулж, 5 их наяд 778,8 тэрбум төгрөг байхаар төсөлд тусгажээ. Төсвийн орлогын өсөлттэй уялдан 2010-2012 онд төсвийн урсгал зардал дунджаар 35-38 хувийн өсөлттэй байсан бол сүүлийн 2-3 жилд төсвийн гүйцэтгэлээр урсгал зардлын өсөлт буурч 9.4 хувьтай болсон байна.

Эдийн засгийн хүндрэлтэй үед улс төрчид, төрийн өндөр албан хаагчдын цалинг 30 хувиар бууруулах саналыг бүлэг дэмжиж байна. Тиймээс 2015 оны төсвийн тодотголыг цаг алдалгүй хэлэлцэн батлах шаардлагатай гэж АН-ын бүлэг үзэж байна” гэв.

АТГ-ын алба хаагчдын цалинг 30 хувь, шүүгчийн цалинг 50 хүртэлх хувь бууруулах санал гаргав

Мөн “Шударга ёс” эсвлийн бүлэг, 2015 оны төсвийн тодотголд оны эхний 8 сарын гүйцэтгэлд үндэслэн, төсвийн алдагдлыг 900 гаруй тэрбум төгрөгт хүрч тасрахаар байгааг тооцоолон, татварын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах замаар 400.0 орчим тэрбум төгрөгийг төсөвт нэмж төвлөрүүлэхээр тусгасан нь бодит бус байна.

Мөн улс төрийн албан тушаалтны цалинг нийтэд нь хавтгайруулан 30 хувь бууруулахаар оруулж ирж байгаа асуудлыг дахин нягтлах шаардлагатай. Эдийн засгийн идэвхжил саарсан, гадаад валютын ханш чангарч, иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа энэ үед цалин бууруулах нь эдийн засаг, санхүүгийн системд ихээхэн сөрөг үр дагвартай. Түүнчлэн орон сууцны ипотекийн урт хугацааны зээлд хамарсан төрийн албан хаагчид, тэдний ар гэрт эдийн засгийн ачаалал, дарамт үүсэх нөхцлийг бий болгох магадлал өндөр байна.

“Шударга ёс” эвслийн бүлгээс Төрийн улс төрийн болон өндөр албан тушаалтны цалинг бууруулах асуудлыг эргэн харах, Дотоод, гадаад томилолт, зочны зардал болон  эд хогшил худалдан авах урсгал зардлыг нэмэхгүй байх, хангамжийн зардлыг 10 хувиар бууруулах шаардлагатай гэсэн санал оруулж байна. Түүнчлэн аймаг, нийслэлийн төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулах, Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс үр ашиг багатай зарим хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй байх саналтай байна.

Бүлгийн гишүүн Ц.Оюунбаатар “Авлигатай тэмцэх газрын ажилтнуудын цалинг 30 хувь, Шүүгчдийн цалинг 50 хувиар тус тус бууруулах” санал гаргасан. Мөн Дубайн гэрээг эргэн харж, 2013 оны ажлын хэсгийн шалгалтаар Оюу толгой ХХК-иас илэрсэн санхүүгийн зөрчлийг дахин хянан үзэж, нэмэлт орлогыг төсөвт төвлөрүүлэх шаардлагатай гэсэн саналыг манай бүлгийн нэр бүхий гишүүд ирүүлсэн” хэмээн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцууллаа.

Дээрх хоёр бүлэг санал, дүгнэлтээ танилцуулсны дараа чуулганы хуралдааныг хааж, уг асуудлыг маргааш буюу энэ сарын 29-нд болох хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ