"British Airways"-ийн онгоцууд "Хитроу"-д 3 дахь өдрөө саатаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-29 15:29:28
ЛОНДОН. /BBC/. "British Airways" компанийн компьютерийн систем дэлхий даяар гэмтсэний улмаас зорчигчид гуравдахь өдрөө "Хитроу" нисэх онгоцны буудалд саатах болоод байна.

Системийн гэмтлийн улмаас "Хитроу" болон "Гатвик" нисэх онгоцны буудлуудаас нисэх байсан олон нислэг цуцлагдан, хойшилсны улмаас зорчигчид хохирлоо. Өнгөрөгч ням гарагт "Гатвик" нисэх онгоцны буудлаас нисэх байсан бүх нислэг, "Хитроу" нисэх онгоцны буудлаас нисэх байсан нийт нислэгийн гуравны нэг гаруй нь буюу ихэвчлэн ойрын зайн нислэгүүд цуцлагджээ.

"British Airways" компанийн мэдэгдсэнээр, гэмтсэн системийг хэвийн ажиллагаанд оруулахад тун ойртож байгаа аж. Энэ гэмтлийн улмаас "British Airways" компани нь мянга мянган үйлчлүүлэгчдийнхээ зочид буудал, хоолны зардлыг дааж байгаа бөгөөд олон арван сая фунт стерлингийн алдагдалд орох төлөвтэй байна. 

Нислэг нь хойшлогдсон үйлчлүүлэгчдийн хувьд өдөрт зочид буудлын зардалд 200 фунт,  зочид буудал болон нисэх буудлын хооронд зорчиход 50 фунт, хоол хүнсэнд 25 фунт хүртэлх хэмжээний мөнгө нэхэмжлэх эрхтэй.

Бямба гарагийн орой зорчигчид "British Airways"-ээс тараасан иогийн гудсан дээр газар унтсан байна.

Зорчигчдын хувьд Европын Холбооны дотор болон тус холбооноос гарч буй нислэг саатсан тохиолдолд дараах нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй. 
  • Ойрын зайн нислэгт: 3 цагаас илүү хугацаагаар хойшилсон бол 250 евро
  • Дундын зайн нислэгт: 3 цагаас илүү хугацаагаар хойшилсон бол 400 евро
  • Алсын зайн нислэгт: 3-4 цагийн хугацаагаар хойшилсон бол 300 евро, 4 цагаас илүү хугацаагаар хойшилсон бол 600 евро 
  • Хэрэв таны нислэг 2 цагаас илүү хугацаагаар хойшилсон бол нислэгийн компаниас таныг хоол унд, утсаар ярих, цахим шуудан илгээх эрх болон бусад шаардлагатай зүйлсээр хангах ёстой бөгөөд хэрэв хонохоор бол зочид буудлын зардлыг дааж болон зочид буудлаас нисэх онгоцны буудалд хүргэж өгөх ёстой.

Х.Сарнай 


 


Холбоотой мэдээ