Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит "Энхийн үйлстэн" шагнал бий болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх зохион байгуулалтын баримт бичиг боловсруулах журам”, “Шуурхай бүлгийн ажиллах журам”-ын төслийг хэлэлцүүлж байна.
Ингэснээр гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдан стратеги, зохион байгуулалтын шинэчилсэн бүтцээр ажиллаж байгаатай холбогдуулан энэ онд 20 гаруй дүрэм, журам, төлөвлөгөө, удирдамжийг шинээр болон шинэчлэн боловсруулах юм.
Мөн “Барилга байгууламжийн гал түймрийн эрсдлийн зэрэг”-ийн ангилал, “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд хорт хий утаанаас хамгаалах талаар дагаж мөрдөх дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж байна. Түүнчлэн тус хурлаар хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Энхийн үйлстэн” тэргүүн дээд шагнал олгох журам”-ын төслийг хэлэлцэж байгаа юм. Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй, бусдыгаа манлайлан ажилласан, баатарлаг үйлс бүтээсэн албан хаагчдад олгохоор энэхүү шагналыг санаачилсан байна.
Ж.Батсайхан