Монголын иргэн Дэлхийн банкны Киргизстаныг хариуцсан мэргэжилтнээр томилогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-05-30 13:32:10
БИШКЕК. /AKIPRESS.COM/. Монгол Улсын иргэн А.Болормаа Дэлхийн банкны Киргиз улсыг хариуцсан мэргэжилтэн боллоо.

Өчигдөр буюу тавдугаар сарын 29-нд Дэлхийн банкны Төв Ази хариуцсан газрын захирал Лилия Бурунчук Киргизийн Ерөнхий сайд Сооронбай Жээнбековтой уулзах үеэрээ энэ тухай мэдэгджээ.



А.Болормаа нь Дэлхийн банкинд 2004 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Зүүн Ази, Номхон далай ба Африкийн бүс нутгийн улсуудыг хариуцан ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн юм.


Тэрбээр Индонезид хэрэгжүүлсэн "Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нь" хөтөлбөрийн багийн гишүүн байсан бөгөөд тус улсын Папуа болон Баруун Папуа мужуудад уг хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлж байв.

Мөн Дэлхийн банкны Жакарта дахь салбарт Итгэлцлийн сангийн зохицуулагчаар ажиллаж байгаад 2008 онд Дэлхийн Банкны Вашингтон хот  дахь төвд Индонезийг хариуцсан мэргэжилтэн болжээ.

2011 онд Дэлхийн банкны Найроби хот дахь Африкийн бүс нутаг  хариуцсан газрын ахлах мэргэжилтэн болсон байна.

2014 онд тэрбээр Зүүн Тимор буюу Тимор-Лесте улс дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгчөөр томилогджээ. Тэрбээр тус улсад хэрэгжүүлж байсан Дэлхийн банкны хөтөлбөрийг удирдаж, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж байсан бөгөөд ядуурлыг бууруулах болон улс орны хөгжлийг хөхиүлэн дэмжих хоёр зорилтын хүрээнд тус улсын засгийн газартай яриа хэлэлцээ хийж байжээ.

А.Болормаа Нидерландын Маастрихтийн менежментийн  их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.

/http://akipress.com/news:592989/
Г.Доржханд
 
 

Холбоотой мэдээ