Газар тариалан эрхлэгчдэд 8,6 сая хөрөнгө оруулалт хийгдээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-31 09:11:15
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Алтай сумын Засаг дарга Б.Энхбаяртай уулзаж сумын цаг үеийн ажлын талаар ярилцлаа.
Таны сум орон нутгаа хөгжүүлэх мөрийн хөтөлбөрт ямар шинэлэг ажил тусгагдаж хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байна?
Юуны өмнө шинэ ажлаа эхлүүлэхдээ мөрийн хөтөлбөрөө боловсруулж,ажлын хэсэг байгуулж,иргэдээсээ санал авч нэгтгэн,боловсруулсан. Иргэдийн санал хүсэлтэд тулгуурласан болохоор дөрвөн жилд хийх ажлын мөрийн хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой.Бас шахуу хөдөлмөрлөж,төлөвлөсөн ажлаа амжуулахад  сумын иргэдийн оролцоо ч чухал байх болно.
Ажлаа авснаас хойш сумандаа хийсэн 100 хоногийн ажлаа сумын дөрвөн багийн Иргэдийн нутийн хуралд оролцож танилцууллаа.Үүнд 400 гаруй хүн оролцож санал бодлоо хэллээ. Сайшаал,шүүмжлэл аль нь байлаа.Уулзалтын үеэр манай сумын иргэд газар тариалан,мал аж ахуйг хөгжүүлэхэд түлхүү анхаарахыг зөвлөж байлаа.
Энэ саналын  дагуу сумын газар тариаланчдын зөвлөлгөөн хийж Боомын услалтын системийн талбайд 300 га газарт тариалан эрхлэх боломжийг хэлэлцэж,26 га газар иргэдэд оногдож байлаа.Бусад газар нь 2015 онд лицензээр авчихсан юм байна.
Боомын услалтын системд нутгийн иргэд тариалалт хийхэд дэмжиж техник тоног төхөөрөмж,бараа материал,900 ширхэг шонгийн мод татан авч,талбайгаа торлон хамгаалах,суваг шуудуу засварлах ажил хийж эхэлсэн.
Газар тариалангийн салбарт Хавтаг богд ХХК-тай хамтран ажиллаж байна.Одоогийн байдлаар тус компани газар тариалан эрхлэгчдэд 8,6 сая хөрөнгө оруулалт хийгээд байна.
Мал аж ахуйн салбарын хувьд малчдын амьдралд тус дэм болохуйц ажлууд хийхээр төлөвөж байна.Эхний ээлжинд Говь ХХК-тай гэрээ хийж,сумынхаа ноолуурын ченжүүдийн авч байгаа ханшаас дээгүүр борлуулах асуудал яриа хэлэлцээр хийсэн.
Нөгөөтэйгүүр Алтайн улаан үүлдрийн ямааны ноолуурын чанар чансааг сурталчлан таниулахад ихээхэн ач холбогдол өгч дэмжинэ гэж бодож байна.
Цаашлаад ажлын байр нэмэгдүүлэх,мах,сүү боловсруулах,жижиг цех байгуулах,жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх,хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бодлогоор дэмжих,хоёр жилд нэг дуаа шилмэл малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулснаар цөм сүрэг бий болгох ажлууд дараалан хийгдэх болно.
Суманд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын  талаар,намын сонгуульд явсан хүмүүс ажилд авдаг гэх мэтээр шүүмжилдэг.  Төрийн албан хаагчдын ажлын ачаалал даах чадвар ямар түвшинд байна?
Төрийн албан хаагчид үүрэгт ажлаа үнэнч шударга,ёс зүйтэй гүйцэтгэх учиртай.Төр ард түмэн хоёрыг холбох гүүр,ард түмний зарц нь байх ёстой.Хэдий тийм боловч зарим талаар өнөөгийн шаардлагад хүрэхгүй,мэргэжлийн бус  хүмүүс бий.Гэвч тэднийг ажлын шаардлага хангахгүй,мэргэжлийн бус гэх мэтээр ажлаас халахыг урьтал болгохгүй.Тэднийг сургаж,чалавхжуулах,мэргэшүүлэх нь чухал.Учир нь төрийн алба бол ажлын   туршлага дадлагатай,мэргэшсэн байх учиртай.Намчирхсан,улс төржсөн байдлаар төрийн албанд халаа сэлгээ хийхгүй.
Та сумынхаа ойрын зорилтыг хэрхэн харж байна?
Дээр өгүүлсэнчлэн газар,тариалан,мал аж ахуйг хөгжүүлэхэд түлхүү анхааран.Одоо хятадаас зөөж буй хүнсний ногоог нутгийнхаа хөрсөнд тарьж,гаднаас бус дотооддоо хэрэгцээ хангах,цаашлаад жижиг,дунд үйлдвэрлэл хөгжүүлэх,дэмжих бодлого барина.
Сум орон нутгийн тохижилт,өнгө нүүр царай сайн байгаа.Энэ нь өмнөх жилүүдэд хийгдсэн ажил төдийгүй Алтайчуудын хөдөлмөр зүтгэл гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.Цаашдаа сумаа аймаг,улсын жишиг сум болгож хөгжүүлэхийг зорино.Хамгийн гол нь зохион байгуулалт,сахилга,хариуцлагаас ихээхэн шалтгаална.
 
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ