Лавров Сирийн асуудлыг хэлэлцэхээр Венаг зорино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-29 12:24:34

ВЕНА. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Сирийн мөргөлдөөнийг зохицуулах олон талын уулзалтад оролцохоор Австрийн нийслэл Вена хотыг энэ сарын 29-нд зорино. Хэлэлцээ хоёр хоног үргэлжлэх төлөвтэй байна. Пүрэв гарагийн орой ОХУ, АНУ, Саудын Арави болон Туркийн Гадаад хэргийн сайд нар уулзах бол баасан гарагт тэдэнтэй дэлхийн тэргүүлэх бусад гүрний болон бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчид нэгдэнэ. Их Британийн Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, Венад нийтдээ 13 орны төлөөлөгчид уулзана.

Австрийн Вена хотод пүрэв гарагт Орос, АНУ, Саудын Арави, Турк буюу Венагийн “дөрвөл” уулзана. Сирийн асуудлаар ийм хэлбэрээр хийсэн анхны хэлэлцээ хоёр хүрэхгүй долоо хоногийн өмнө Вашингтоны эрх баригчдын санаачилгаар болсон юм. Энэ уулзалтын үеэр тус дөрвөн орны гадаад бодлогын байгууллагын тэргүүн нар болох Сергей Лавров, Жон Керри, Адель аль-Жубейр болон Феридин Синирлиглу нар Сирийн хямралыг зохицуулах асуудлаар дорвитой шийдэлд хүрч чадаагүй. Гэхдээ уулзалтад оролцогсод Женевын албан ёсны мэдээлэлд үндэслэн мөргөлдөөнийг зохицуулна гэдгээ, түүнчлэн хэдийгээр Сирид байгаа бүлэглэлүүдийг бүгдийг нь террористуудад тооцох эсэх нь тодорхойгүй байгаа ч терроризмтой тэмцэнэ гэдгээ нотолжээ. Чухам энэ үндэслэл дээр зохицуулах ажлыг идэвхжүүлэхээр шийдсэн байна. Эхний уулзалтын үеэрх цорын ганц маргаан нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын хувь заяатай холбоотой асуудал байсан тухай Адель аль-Жубейр уулзалтын дараа мэдэгджээ. Түүний хэлснээр, Эр-Риядын эрх баригчид түүнийг огцруулах сонирхолтой байгаа бол Сергей Лавров Асадын хувь заяаг зөвхөн Сирийн ард түмэн шийдэх боломжтой гэж уулзалтын дүнд дахин мэдэгдсэн байна.

Баасан гарагт өргөн бүрэлдэхүүнтэй хийх сайд нарын уулзалтад ОХУ, АНУ, Иран, Саудын Арави, Турк, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Катар, Иордан, Герман, Франц, Египет, Итали, Их Британийн төлөөлөгчид оролцоно. Тэдэнтэй мөн Европын Холбооны Гадаад бодлогын байгууллагын тэргүүн Федерика Могерини нэгдэнэ. Сирийн мөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх хэлэлцээнд “Женев-1”, “Женев-2” уулзалтад оролцож байгаагүй Иран улс анх удаа оролцох юм. Уулзалтад сөрөг хүчинд дэмжлэг үзүүлэх замаар Сирийн мөргөлдөөнд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа бүс нутгийн хэд хэдэн улс болох Саудын Арави, Катар, Турк улс оролцоно. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн бараг бүх гишүүн байлцана.

Уулзалтын гол сэдэв нь терроризмтой тэмцэхэд гаргаж буй хүчин чармайлтыг зохицуулах асуудал болно. ОХУ-ын хувьд уулзалтын гол зорилго нь хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүдийн босогчдод цохилт өгөх байгаа тодорхойлох, мөн террористуудтай тулалдахад бэлэн байгаа эх оронч сөрөг хүчний отрядуудтай хамтран ажиллах холбоо тогтоох юм.

Асадыг огцруулах асуудлыг Сирийн сөрөг хүчнийг дэмжигчид дахин хөндөхийг оролдож магадгүй байна.

Уулзалтын гол зорилго нь мөн Сирийн Засгийн газартай хэлэлцээ хийх тус улсын сөрөг хүчний төлөөлөгчдийн багийг бүрдүүлэхэд нөлөөлөх явдал юм. Энэ чиглэлээр ОХУ болон Египет туршлагатай. Төлөөлөгчдийн ийм бүлэг байгуулах тухай Лавровын наймдугаар сарын эхээр Катарт хийсэн уулзалтын үеэр хөнджээ. Тэрбээр Катарын Гадаад хэргийн сайд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Керри болон Саудын Аравийн Гадаад хэргийн сайд аль-Жубейртай уулзсан юм.

Уулзалтын дараа янз бүрийн хэлбэрээр уулзалт зохион байгуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ