Эрдэнэ сум төвлөрсөн халаалттай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-04 16:38:08
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сум төвлөрсөн халаалтад холбогдох боломж бүрдлээ. Төвлөрсөн дулаан хангамж, цэвэр бохир усны шугамын нэгдсэн сүлжээ, цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлын нээлт энэ сарын 3-нд тус суманд болов.
Энэ талаар аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингээс тодруулахад, ”Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт сумдыг төвлөрсөн халаалттай болгох зорилт дэвшүүлсэн. Бид энэ ажлыг төмөр зам дагуух дэд бүтэц сайн хөгжсөн Эрдэнэ сумаас анх удаагаа туршиж эхэлж  байгаа. Увс болон Хөвсгөл зэрэг аймгаас туршлага судалсан.
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хувийн компанийн хөрөнгө оруулалтыг татаж концессын нэг хэлбэрээр бүтээн байгуулна. Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллага хөрөнгөө оруулж нэгдсэн уурын зуухыг барьж, өөрсдөө ашиглаад ашгаа олсоны дараа төрд буцааж өгөхөөр гэрээлсэн. Хэрэв энэ ажил амжилттай хэрэгжвэл  бид дараа  жил таван сумыг ийм менежментээр цэвэр бохир усны  болон төвлөрсөн халаалтад холбоно.
Харин төсвийн байгууллагын халаалт дулааны  үнийг  боловсрол болон эрүүл мэндийн салбарын төсвийн багцад багтаах үүргийг бид хүлээж байгаа”гэв. Төвлөрсөн халаалтад холбох ажлын санхүүжилтэд төсвөөс 400 сая төгрөгийг хуваарилахаар шийдвэрлэсэн бол үлдсэн хөрөнгийг гүйцэтгэгч “СИЗУ” ХХК өөрөө гаргах аж.
Эрдэнэ сумын төвийг төвлөрсөн халаалтад холбосноор ЗДТГ, эрүүл мэнд, боловсролын байгууллагууд нэгдсэн халаалттай болохоос гадна сумын айл өрхүүд хөрөнгө санхүү гаргаж төвлөрсөн халаалтын шугамаас гэр байшин руугаа  холбох боломж бүрдэх аж. Дээрх ажлыг энэ ондоо багтааж гүйцэтгэнэ. Бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Эрдэнэ сумын Засаг дарга Ч.Энхмэнд нарын албаны хүмүүс оролцов.
Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ